Сүүлийн жилүүдэд "Унтаад л сэрсэнгүй" гэх шалтгаан нь тодорхойгүй нас баралт олон тохиолдох боллоо. Дан ганц манай улсад ч бус дэлхийн олон оронд ийм өгүүлэмжтэй нас баралтын шалтгаануд зонхилж буйг эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Тэгвэл бид эдгээр тохиолдлыг үхлийн шалтгаан юу байж болох талаар УГТЭ-ийн зүрхний эмч, МУ-ын ахлах зэргийн Зүрх судлалын их эмч Ц.Цолмонгоос тодруулсан юм.
-Монголчуудын дунд зүрхний өвчлөл ямар хэмжээнд байгаа талаар тоон мэдээлэл өгөөч?
Эмнэлэгт зүрхний мэргэжлийн эмчид үзүүлж буй нийт хүний 65 хувь нь эрэгтэй, 35 хувь нь эмэгтэй байна. Тэр дундаа даралт ихтэй хүмүүсийн 50 хувь нь оношлогдож өөрийгөө мэддэг хэрнээ даралтны эмээ тогтмол уудаггүй, даралтаа хянадаггүй . Үүнээс 70 орчим хувь нь эрэгтэй хүмүүс байдаг бөгөөд тэд хайнга, эмээ огт уудаггүй, зарим нь ууж буй эмнийхээ нэрийг мэддэггүй, өөрөө бус эсвэл өөр хүнээр дамжуулж, эмчээсээ зөвлөгөө, мэдээлэл авдаг. Иймээс өвчилсөн хойно нь бус өвчлөхөөс нь өмнө өөрийнхөө эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэй байгаа юм.
Бидний зүгээс халдварт бус өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, ямар арга хэмжээ авах талаар эмч, мэргэжилтнүүдтэй ярилцаж, авсан зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.
ЗҮРХНИЙ ШИГДЭЭС ГЭДЭГ ӨВЧИН БОЛ "ЗҮРХИЙГ ТЭЖЭЭДЭГ СУДАС БӨГЛӨРЧ" БАЙНА ГЭСЭН ҮГ
-Унтаад л өглөө нь сэрдэггүй харамсалтай үхлийн цаана юу байна вэ? Зүрхний шигдээсээр өвчлөх хүн олон болж байгаа юу?
-Зүрхний шигдээс гэдэг өвчин бол "зүрхийг тэжээдэг судас бөглөрч" байгаа гэсэн үг. Тэгэхээр зүрхийг тэжээдэг судас бөглөрөх шалтгаан бол судасны дотор ханыг гэмтээдэг агаарын бохирдол, агаарын бохирдолд агуулагдаж байгаа тэр хүнд металлууд зөвхөн зүрх гэлтгүй бүх биеийн судасны дотор ханыг гэмтээж байдаг. Тэр нь үрэвсэл болоод дараа нь эдгэхдээ сорви болж, судасны урсгалыг нарийсгах, эсвэл тамхи байна. Тамхи бас мөн адил тэр никотин гэдэг бодис нь судас бөглөрүүлэх, судсыг хатууруулах нөхцөлт хүчин зүйл болж байна.
Нөгөө талаасаа амьдралын буруу хэв маяг нөлөөлж байна. Жишээ нь архи уух, удаан хугацаанд шингэн уухгүй явах нь "цус өтгөрөх" нөхцөлийг үүсгэж байна.
Биеийн шингэнээ алдах нөхцөл нь зүрхний шигдээсийг үүсгэх нөхцөл болж байгаа юм. Тухайлбал их хэмжээгээр фитнессээр хичээллэх, хөлс их гардаг нь их хэмжээний шингэн алдсанаараа цусны эзлэхүүн дэх агуулагдах эзлэхүүнийх нь эсүүдийн хэмжээ ихсээд ирэхээр нарийн бичил судаснуудыг бөглөх хүндрэлийг үүсгэж байдаг.
Мэдээж нас, хүйс эсвэл удамшлын өвчний талаар бол эргүүлэхэд хэцүү. Гэхдээ эргүүлэх боломжтой, эргэх хүчин зүйлүүд буюу дасгал хөдөлгөөн хийх, ингэхдээ дасгал хөдөлгөөнөө тааруулах, нөгөө талаас өөх тостой хоол идэх, мөн сахарын өвчин байна. Сахарын өвчин бол бүх биеийн нарийн судаснуудыг хатууруулаад, нарийсгаад өөрчлөлтүүдийг үүсгэж байдаг өвчин. Тэгэхээр "зүрхний шигдээс" гэдэг бол зөвхөн илэрч байгаа байдал нь зүрхний судсан дээр илэрч байгаа болохоос биш бусад тархи, нүд, бөөр гэх мэт бай эрхтнүүдийн судсыг нь ихээр гэмтээдэг.
-Олон нийтийн дунд "зүрхний шигдээс" өвчлөлийг ковид болон түүний эсрэг хийлгэсэн вакцинаас үүдэлтэй гэсэн ойлголт их байна. Энэ талаар та мэргэжлийн эмч хүний хувьд хэрхэн өгүүлэх вэ?
-Ковид буюу энэ нь вирусын халдвар. Тэгэхээр вирусын халдвар нь өөрөө биед тодорхой хариу урвалуудыг үүсгэж байдаг. Жишээ нь үрэвслийн шинж үүснэ. Үрэвслийн шалтгаантай бол цусны эсүүд хоорондоо наалдах, тэгээд "бүлэн" үүсэх тийм хүндрэлүүдийг үүсгэдэг. Тэгэхээр тэр магадгүй бага хэмжээгээр ч юмуу нөлөөлж байж болно.
Олон улсын судалгаагаар нотолгоонд суурилсан судалгаагаар ковид өвдсөнөөс хойш эхний 90 хоног дээр амь насанд аюултай, хэм алдагдах эрсдэл үүсэх нь арай их буюу 30 хувь, тэгээд хугацаа 180 хоног хүрэхэд бол 13 хувь хүртэл буураад явж байгаа тийм судалгаа бий. Тэгэхээр ковидын дараа эхний 90-180 хоногт зүрхний хэм алдагдал үүсэх эрсдэл байгаад байдаг. Ингэхдээ тосгуурын жирвэгнээ гээд хэм алдагдлыг судалсан байгаа. Ийм судалгаа бий. Тэгэхээр ковидоос болоод нас барсан юмуу гэхээр яг эцсийн мөчид бүрэн тодорхой болоогүй. Одоо болтол судалгаанууд хийгдсээр л байна. Ковид одоо жишээ нь омикроны шинэ хувилбар гарчихсан явж байна гээд байгаа. Тэгэхээр энэ нь цаашдаа судлагдах хэрэгтэй. Яг зөвхөн ковид уу, эсвэл томуу, томуу төст өвчний хүндрэлүүд ч бий. Эдгээр хүндрэлүүд ч байгааг үгүйсгэхгүй. Тэгэхээр яг баримттай судалгаа нь нийт анагаах ухаанд нэг вирусыг юмуу, нэг өвчнийг дор хаяж 10 жил, 15 жил судалж байж үүний дараа эцсийн судалгааны дүн гардаг. Цаашдаа урт хугацаандаа яг ийм хүндрэл гарах магадлал өндөр гэсэн судалгаануудын дүн мэдээ бүрэн гарч ирнэ. Тэр болтол яг одоогоор ковидоос болсон байна гэж хэлэх нотолгоо баримт гарч ирээгүй байна.
ХҮНИЙ ДЭЭД ДАРАЛТ 130, ДООД ДАРАЛТ 80-ААС ИХ БАЙВАЛ ИХСЭЛТТЭЙ ГЭЖ ҮЗДЭГ
НЭМҮТ-ийн халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Р.Энхбат
Хүнийг өвчлүүлж байгаа өвчин эмгэгийг хоёр бүлэг хэсэгт хуваачихдаг. Нэг нь
-Халдварт өвчин, бид нар халдварт өвчнийг маш сайн мэднэ. Нөгөөх нь
-Халдварт бус өвчин. Сая ковидын үеэр ямар хүмүүс илүү өртөмтгий, илүү нас барах тохиолдлууд өндөр байсан гэхээр халдварт бус өвчлөлтэй, архаг суурь өвчтэй хүмүүс байсан. Тэгэхээр бид нар энэ халдварт бус өвчлөл яаж хүнд үүсээд байгаа юм бэ, яаж урьдчилан сэргийлэх вэ гэхээр тухайн хүний амьдралын хэв маягаас хамаараад 10-15 жил, тухайн хүний бие физиологиос хамаараад тэр хугацаа нь харилцан адилгүй үүснэ. Үүсгэж буй хоёр бүлэг хүчин зүйл байгаа юм.
Эхнийх нь анхдагч эрсдэлт хүчин зүйл. Энэ нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, тамхи татах, хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт гэсэн үндсэн дөрвөн анхдагч эрсдэлт хүчин зүйл бий. Эдгээр эрсдэлт хүчин зүйлүүд тодорхой хугацаанд байснаараа "завсрын эрсдэлт" хүчин зүйл үүснэ.
Хөдөлгөөний хомсдолтой буруу хооллоод эхэлвэл хэвлий хэсгээр таргална, биеийн жин нэмэгдэнэ, хүний захын судсан дахь глюкоз, өөх тосны хэмжээ нэмэгддэг. Эдгээр нь завсрын эрсдэлт хүчин зүйл болно. Завсрын эрсдэлт хүчин зүйл тухайн хүнд тодорхой хугацаанд байснаараа нөгөө бид нарын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болоод байгаа зүрх судасны өвчин, чихрийн шижин, хорт хавдар үүсэж байгаа. Тэгэхээр манай степ судалгаа, манай улсын таван жилдээ нэг хийдэг үндэсний суурь судалгаан дээр бол огт эрсдэлгүй ямар нэгэн хүн ам 3,9 хувь гэж гарсан. Ингэхээр ядаж, нэг, хоёр, гурав ч гэдэг юмуу эрсдлүүд байгаад байна. Хүн амд дийлэнх хэсэгт байна. Тиймээс бид нар тэр эрсдлүүдийг бууруулах алхмуудыг хийх хэрэгтэй.
Сүүлийн үед хувь хүн гэнэт нас бараад байна гэх өгүүлэмжтэй тохиолдлууд их гарч байна. Энэ нь ямар хүчин зүйлтэй холбоотой байдаг вэ?
НЭМҮТ-ийн халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Р.Энхбат
Тэгэхээр хувь хүн гэнэт ингээд нас барж буй тохиолдлууд гараад байнаа, энэ ямар шалтгаантай юм бэ гээд аваад үзэхээр ер нь бол статистикаас нарийн дүн шинжилгээнүүд гарах байх. Гэхдээ таны яг эрүүл мэндийн байдал ямар байгаа вэ гэдгээ "та өөрөө мэддэг" байх ёстой. Ингэхийн тулд хамгийн түрүүнд бид нар яах вэ гэхээр урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгт хамрагдах ёстой. Дээр нь бид нарт анхдагч эрсдэлт хүчин зүйл байна уу, завсрын эрсдэлт хүчин зүйл байна уу гэдгээ мэддэг байх ёстой. Биеийн жин илүү байнаа л гэдэг бол эрсдэлт хүчин зүйл болчихож байгаа юм. Та тамхи татдаг байна л гэвэл эрсдэлт хүчин зүйл болж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрийгээ бууруулах алхмыг хийх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх эрт үзлэг илрүүлэгт орсноороо таны эрүүл мэндийн түвшин ерөнхийдөө ямар байна вэ гэдгээ та тогтоож авах юм. Тэгээд тэрийг бууруулах алхмаа хийж эхэлнэ.
Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд бид нар яах вэ гэхээр "эрсдэлийн хүснэгт" гээд байдаг. Манай Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн пэйж хуудас руу ороод үзэх юм бол зүрх судасны өвчний ойрын 10 жилд эрсдэлтэй байна уу, үгүй юу гэдгээ тодорхойлж үзнэ. Танд 10-аас бага хувийн эрсдэл байна уу, 10-20 хувь байна уу, 20-30 байна уу гэдэг ч юмуу, эрсдлээ та өөрөө тооцоолоод үзчих боломжтой хүснэгт бий. Ингээд тэндээс эрсдлүүдээ үзчихнэ.
Ялангуяа залуу хүн гэлтгүй даралт ихсэх тохиолдол их байна. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх боломжтой вэ?
НЭМҮТ-ийн халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Р.Энхбат
Хүн бүр даралтаа тогтмол хэмжүүлж, хянаж байх хэрэгтэй. Даралтны аппарат байдаг бол өөрөө хэмжиж байх хэрэгтэй. Таны даралт ерөнхийдөө ямар байдаг вэ, их байдаг уу, бага байдаг уу. Манай эмнэлзүйн заавраар бол дээд даралт гэж бид нар ярьдаг. 130-аас дээш байх юм бол даралт ихсэлттэй, доод даралт 80-аас их байх юм бол ихсэлттэй гэж үздэг. Тэгэхээр та даралтаа үзээд даралт чинь их байх юм бол мэргэжлийн эрүүл мэндийн байгууллагаас, эмч мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах хэрэгтэй. Тогтмол өөрийнхөө эрүүл мэндийн байдлыг бид нар мэддэг, үнэлдэг байх нь маш чухал юм.
Улсын хэмжээнд эрт илрүүлгийг зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Үүний үр дүнд манай улсын нийт хүн амын эрүүл мэндийн датаг ч үүсгээд байгаа болов уу?
АМЬДРАЛЫН БУРУУ ХЭВ МАЯГААС ҮҮДЭЛТЭЙГЭЭР "ЦУС ӨТГӨРӨЛТ" МАШ ИХ БАЙНА
ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг
Улсын хэмжээнд нэг сая 300 мянган хүний эрүүл мэндийг үзсэн том дата үүсээд байгаа. Энэ дотор бол хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин бол улсын хэмжээнд нэгт явж байна. Энэнь юуг харуулж байна вэ гэхээр халдварт бус өвчин дотроо эрсдэлт олон хүчин зүйлүүд байна.
Архи, тамхины зохисгүй хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, буруу хооллолт гэсэн ийм хүчин зүйлүүдээс гарч ирж байгаа. Үүнээс шалтгаалж өвчлөөд байгаа юм. Энэ дотроо хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин байна. Зүрх судасны өвчин байна, чихрийн шижин гэсэн ийм өвчлөлүүд давамгайлж байна. Ялангуяа тамхи, архины хорт зуршлаас болж зүрх судасны өвчлөлөөр өвдөх, бусад төрлийн хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөлүүд нэлээдгүй тохиолдлууд гарч ирж байна.
Нийт үзлэгийн буюу нэг сая 300 мянган хүний үзлэгт хамрагдсан том биг датанаас үзэхэд ер нь давхардсан тоогоор 900 гаруй хүнд өвчтэй, сэжигтэй тохиолдол гарч ирээд байна.
Монголчууд бид баяр ёслолоор бие организмд сөрөг нөлөө үзүүлэх маш хүнд чанарын хоол хүнс хэрэглэдэг. Энэ нь хүний эрүүл мэндэд мэдээж сөргөөр нөлөөлдөг байх?
ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг
Яг тийм. Үнэндээ бид нар ялангуяа баярын өдрүүдээр, уламжлалт цагаан сарын баяраар хоол ундны зохисгүй хэрэглээ, буруу хооллолтоос болоод хэт өндөр илчлэгтэй хоол хүнс хэрэглэж байна. Тэр үед бууз гэхэд хамгийн хүнд ачаалалтай хоол унд идэж түүнээс үүдэлтэй маш олон төрлийн өвчлөл үүсэх нөхцөл болоод байгаа юм. Ер нь эрт илрүүлэг хоёр чиглэлээр явсан. Хүн ам дотор ямар өвчлөл зонхилж байна вэ гэдгийг нэгдүгээрт гаргана. Хоёрт бол энэ саяны өнгөрдөг ковид цар тахлын үеэс хүнд ямар хэмжээнд зүрх судас байна уу бусад эрхтнүүдэд хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг ирэх оны нэгдүгээр улиралд эхний нэгдсэн дүнгүүд гарах байх.
Цус өтгөрөлтөөс шалтгаалж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл үүсдэг үү?
ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг
Мэдээж "цус өтгөрөлт" бол хүний эрүүл мэндэд маш сөргөөр нөлөөлж буй гол "эрсдэлтэй" нөхцөл байдлыг үүсгэж байна. Ер нь бол "цус өтгөрөх" үйл ажиллагаа бол иргэдийн дунд байгаад байна. Энэ бол яалт ч байхгүй ковидтой холбоотой эхний ээлжийн зүйл гарч ирж байгаа юм. Мөн бусад хүчин зүйл байгаад байна.
Хүний буруу зуршил, архи, тамхины хэрэглээ, дээр нь хөдөлгөөний хомсдол, жингийн илүүдэл, тэгээд буруу хооллолт, өөх тос ихтэй, калори өндөртэй ийм хоол хүнс, чихэр жимс хэт их хэрэглэж, хүнсний эко ногооны бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр мах махан бүтээгдэхүүнийг илүү түлхүү хэрэглээд байгаа нь бас түүнтэй холбоотой. Гэхдээ бас зохист хэрэглээ байх ёстой. Аливаа зүйл бол зохистой байна. Харин нэг тал нь давамгайлаад байвал халдварт бус өвчлөл үүсгэх нөхцөл гарч ирээд байгаа юм. Гэхдээ яг ковид юмуу өөр бусад зүйлээс шалтгаалж байна уу гэдэг нь одоогоор судалгаа хийгдэж байна. Яг нотолгоонд суурилсан судалгаа гарч ирвэл үүнийг бид иргэдийн дунд мэдээлнэ. Хамгийн гол нь иргэд амьдралын зөв дадал хэвшлийг өөртөө болоод гэр бүлдээ бий болгох, дасгал хөдөлгөөн тогтмол хийх, зөв хооллох, нойро авах цагтаа авч чадах юм бол цус өтгөрөлт болон олон төрлийн халдварт бус өвчлөлөөс өөрийгөө бүрэн хамгаалж чадна гэсэн үг.
Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
Бид өвөл, зунгүй жолоодож яваа автомашиныхаа тос масло, тэр бүү хэл дугуйг нь хүртэл улирал, улирлаар нь сольж, урсгал засвар, бүрэн үйлчилгээ хийдэг атлаа өөртөө яагаад "урсгал засвар"-ыг жилдээ олон биш юмаа гэхэд нэгээс хоёр удаа хийж болохгүй гэж…