Автозамын хөдөлгөөн ачааллаа дийлэхгүй болох үед эрх баригчид тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулдаг болоод багагүй хугацааг өнгөрөөлөө. Одоо ч гэсэн тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилж байна. Эхэндээ ч уг арга түгжрэлийг багасгаж чадаж байсан бол одоо бол дугаарын хязгаарлалтгүй байх үеийнхтэй адил түгжрэлтэй байна хэмээн иргэд цахим орчноо мэдээлж байгаа юм.
Бид ийнхүү түгжрэлийн талаар сүүлийн 10 орчим жил тасралтгүй ярьж байна. Нэгэн үеэ бодвол Түгжрэлийн сайдтай болж, төсөвт зарцуулах ёстой мөнгөн дүнг хэд дахин нэмсэн. Гэсэн атал одоог болтол түгжрэлийн эсрэг хийж хэрэгжүүлсэн дорвитой ажил алга. Иймээс ч гал түр унтраах арга буюу дугаарын хязгаарлалтаар зорчуулж байна. Тэгвэл өнгөрсөн хугацаанд түгжрэлд хэдэн төгрөг зарцуулсан нь сонирхол татна.
ТҮГЖРЭЛД ОЙРОЛЦООГООР НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГ ЗАРЦУУЛСАН
Өнгөрсөн оноос эхлэн түгжрэлийг бууруулахад төвлөрч эхэлсэн гэж хэлж болно. Ингэж хэлсний учир нь түгжрэлд зарцуулах төсөв нэмэгдсэнтэй холбоотой юм. Өмнө нь замын түгжрэл болон түүнийг тойрсон асуудалд жил бүр 30-50 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2022 онд Хотын захиргаанд 420 тэрбум төгрөг, 2023 онд түгжрэлийн сайдын багцад 420 тэрбум төгрөг, нийт 840 тэрбум төгрөгийг тус тус олгосон байна. Тэгвэл Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах 420 тэрбум төгрөгийн юунд зарцуулсан талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг мэдээлэл өгсөн. Тэрээр "2021 оны арван хоёрдугаар сард нийслэлийн түгжрэлийг бууруулахад 414 тэрбум төгрөг НИТХ-аар батлагдсан. 414 тэрбум төгрөгөөр нийт дөрвөн бүлэг, 12 багц, 289 төсөл, арга хэмжээ төлөвлөгдсөн.
Үүнээс 2022 оны гүйцэтгэлээр 270 тэрбум төгрөг зарцуулагдсан. 2022 онд хийгдэж буй ажлын үлдэгдэл ажлын санхүүжилт өнөөдрийн 76.9 тэрбум төгрөг байдлаар байна. Нийт 345 тэрбум төгрөг зарцуулагдсан.
Зарцуулалт:
- Нийтийн тээврийн парк шинэчлэлд 74.5 тэрбум төгрөг 29%
- Газар чөлөөлөлтөд 72.4 тэрбум төгрөг төсөвлөөд 2022 онд 55 тэрбумыг авсан бол 2023 онд 17 тэрбум буюу 19%
- Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд 345 тэрбум төгрөгийн 20%-ийг эзэлж байна
- 13 байршлын томоохон гүүрэн байгууламжид, зам барихад 228 тэрбум төгрөг төсөвлөгдсөнөөс 2022 онд 48 тэрбум, энэ онд 17 тэрбум төгрөг зарцуулагдаад байна.
- 161 байршилд RFID суурилуулахад 442,477 ширхэг цахим гэрчилгээнд нийт мөнгөний 6%
- Явган хүний зам талбай, унадаг дугуйн зам барих, хайс, гарааш, хашаа, хайс буулгахад нийт төсвийн 10%-ийг эзэлж байна.
- 414 тэрбум төгрөгөөс 345 тэрбум төгрөгийг зарцуулсан гэсэн үг" хэмээн танилцуулсан юм.
Түгжрэлийг бууруулахын тулд жил бүр их хэмжээний төсөв баталдаг ч эерэг үр дүнд хүрэхгүй байна. Тэгвэл түгжрэлээр бизнес хийж ашиг олдог аж ахуйн нэгж, мөн эрх бүхий албан тушаалтан байвал яах уу. Ингэж таамагласны учир асар их хэмжээний мөнгийг түгжрэлийг арилгахад зарцуулсан ч одоо болтол үр дүн нь харагдахгүй байна. Гагцхүү замын хөдөлгөөнд оролцож буй автомашины зорчих эрхийг дугаараар хязгаарлаж, иргэдийг эрхэнд халдаж байна. Иймд өнгөрсөн хугацаанд түгжрэлийг бууруулахын тулд зарцуулсан мөнгийг АТГ нягталж шалгах нь зүй ёсны асуудал юм.