Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь шат өнөөдөр боллоо.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Миний бие 2005 онд монголын гаалиас чөлөөлөгдсөн. 2020 онд УИХ-ын гишүүнээр томилогдсон. 2012 оноос би болон миний ах дүү, хамаарал бүхий хүмүүс Эрдэнэс тавантолгой бусад уул уурхайгаас нүүрс худалдан авах, хөрс суулгах үйлчилгээний бизнес хийсэн бол би хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна. Үүнийг би ард түмэндээ УИХ-ын гишүүний хувьд, Ховд аймгийн олон мянган сонгогчдын төлөөллийн хувьд хариуцлагатайгаар хэлж байна. Энэ нүүрсний сонсгол ер нь зорилгоосоо хазайлаа. Гөлөг төөрүүлэх, жинхэнэ нүүрсний хулгайчдыг нуух зорилготой явуулж байгаа юм биш биз дээ”.
Түр хорооны дарга Б.Энхбаяр “Таны зөвлөхөөр ажиллаж байсан Ш.Мөнхцэцэг гэдэг хүний компанид 680 C зөвшөөрөлтэй, 52 мянган тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсан байна.
Та нүүрсний жагсаал болоод тав дахь өдөр нь зөвлөхөө чөлөөлсөн байна. Юу болоод сандраад чөлөөлөв. Баригдаад элэгдэнэ гээд бушуухан салахаа бодсон юм уу?
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Б.Энхбаяр аа чи сандраад байгаа юм биш үү. Би тэр хүнийг ямар компанитай юм гэдгээр нь зөвлөхөөр томилоогүй. Гадаадад сургууль төгссөн. Англи, Орос хэлний онцгой орчуулга хийдэг шилдэг бүсгүй байдаг. Би хуулийн төсөл боловсруулах гэж энэ хүнийг зөвлөхөөр авсан. Энэ бол арай эрээ цээргүй зүйл болж байна.
Амьдрахын тулд хэн ч олон бизнес хийж олон зүйл хийнэ. Би 2012 онд Алтан говь транс компаниа зарсны төлөө өнөөдөр УИХ-ын гишүүн болчхоод яллагдана гэж, ард түмний өмнө шүүгдэнэ гэж бодож явсангүй” гэв.