Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь инфляцыг зорилтот түвшин рүү хурдан бууруулж, тогтворжуулах, макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилттой аж.
Нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлт тогтворжиж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш жилийн өмнөх түвшнээс чангарч, гадаад үнэ болон тээврийн зардлын өсөлт саарч байгаагаас гадна сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ үр дүнгээ өгснөөр инфляц буурсан. Гэвч төсвийн зардлын өсөлт, тэр дундаа цалин, тэтгэврийн өсөлт ирэх онд үргэлжлэхээр байгаа нь эрэлтийн талын нөлөөг нэмэгдүүлж буй. Түүнчлэн Ойрхи-Дорнодод үүссэн хурцадмал байдал нь глобал эдийн засгийн эрсдэл, тодорхой бус байдлыг нэмэгдүүллээ. Дэлхийн болон БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарах, тэр дундаа БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарт үүсээд буй хүндрэл үргэлжлэн эрдэс түүхий эдийн үнэ цаашид буурах, гадаад эрэлт энэ оноос саарах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Тэгвэл энэ үед Монголбанк бодлогын хүүгээ 13 хувьд хэвээр хадгалсан нь эдийн засгийн хэллэгээр юуг өгүүлж байгаа талаар мөн бодлогын хүү гэж юуг хэлдэг талаар эдийн засагчид байр сууриа хүргэсэн юм.
МУИС Эдийн засгийн тэнхимийн багш С. Дөлбадрах “Бодлогын хүү гэдэг нь Төв банкны мөнгөний бодлого хэрэгжүүлдэг орчин үеийн арга юм. Эдийн засаг тогтвортой байх, инфляцын түвшин тогтоох хамгийн боломжит хувилбарын дагуу судлаачид тооцоолсны үндсэн дээр бодлогын хүүг тогтоодог. Бодлогын хүү их байна гэдэг нь нийгмийн алдагдлын функц их байна л гэсэн үг. Бодлогын хүүг хэвээр үлдээнэ гэдэг нь нийгмийн алдагдлын функц хэвээрээ, өөрчлөгдөөгүй байна л гэсэн үг.
Эдийн засгийн өсөлт саарах шинж тэмдэг ажиглагдвал Төв банк бодлогын хүүгээ бууруулж мөнгөний үнэ цэнийг буулгадаг. Ингэснээр зээл олголт болон хэрэглээг дэмжиж, эдийн засгийг сэргээх бодлогыг баримталдаг.
Төв банкнаас бодлогын хүүг хэвээр нь хадгалах шийдвэр гаргасан нь цаашид эдийн засаг тэлэх арай болоогүй байгааг харуулж байна. Эдийн засгийн эрчимтэй өсөлт ажиглагдахгүй байна гэсэн үг.
Санхүүч Г.Батжаргал "УИХ-аас төсөв батлахад Төв банкнаас анхааруулсан. Сонгуулийн цикл болох бүрт өндөр төсөв баталж ирсэн. Мөнгөний нийлүүлэлт, худалдан авалт нэмэгдэхээр инфляц буурахгүй.
Төсвийн ихэнх нь бүтээн байгуулалттай холбоотой зардалд үрэгддэг. Байшин, барилга байгууламж, зам, хөшөөнд зарцуулдаг гэсэн үг. Ингэхээр манайх дотооддоо том үйлдвэр байхгүйгээс бараа материалаа БНХАУ-аас голдуу авдаг бөгөөд төсвийн ихэнх мөнгө гадагшаа гардаг гэсэн үг. Ингэхээр валютын ханшийг бас анхаарах хэрэгтэй болдог. Иймээс төв банкны зүгээс хамгийн зохистой бодлогын хүүг тодорхойлсон нь энэ байх гэж бодож байна.
Магадгүй сонгууль дөхөөд гурав, эсвэл зургаадугаар сард бодлогын хүүг нэг, хоёр хувиар буулгаж магадгүй. Энэ нь зээлийн хүү, хадгаламжийн хүү дорвитой буурахад нөлөөлөхгүй" гэлээ.