Төрийн баруун хаалга дээр суулт хийж буй иргэн Б.Энхцэцэгийн шаардлагын талаар ХХААХҮЯ-аас тайлбар хийлээ.
“Иргэн Б.Энхцэцэг 2020 оноос хойш манай яамтай холбогдсон. Ингэхдээ албан ёсны харилцаа аж ахуйн нэгжийн түвшнээр бус иргэн Б.Энхцэцэг гэдэг хүний хувиар мах экспортолдог аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажилладаг гэдэг байдлаар ирж уулзаж байсан.
Манай улсын махны экспортын 80 гаруй хувь нь БНХАУ-руу гардаг. БНХАУ болон Монгол улс хооронд дулааны аргаар боловсруулсан мах экспортолдог хорио цээрийн протоколтой.
Иргэн Энхцэцэг ирж уулзахдаа өөрийнх нь тайлбарласнаар махны экспорт төдийлөн идэвхжээгүй байх он жилүүд буюу 5,6 жилийн өмнө БНХАУ-ын бизнес эрхэлдэг иргэдтэй холбоотойгоор урагшаа экспортоор мах гаргадаг аж ахуйн нэгжүүдийн махыг бэлтгэдэг хүн байсан байна. Бэлтгэн нийлүүлэлтийг нь хийж өгөөд, тодорхой хэмжээний ашгаа авдаг байсан.
БНХАУ-руу мах экспортлох аж ахуйн нэгжүүд албан ёсны зөвшөөрөлтэй байх ёстой. Өнөөдрийн байдлаар 20 гаруй аж ахуйн нэгж зөвшөөрөлтэй байна. Энэ жил дөрвөн аж ахуйн нэгж нэмэгдсэн. Аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэж, өөрсдөө экспортолж эхлэхээр өмнөх бэлтгэн нийлүүлэх ажлөө өөрсдөө хийдэг болсон. Тиймээс иргэн Б.Энхцэцэг нь мах экспортлогч аж ахуйн нэгжүүдийн бэлтгэн нийлүүлэгч буюу БНХАУ-ын бизнес эрхлэгчдийн хөрөнгөөр бэлтгэн нийлүүлэх боломж нь хомсодсон. Ингээд яам миний бэлтгэсэн махыг гаргах ёстой гэсэн хууль бус шаардлага тавьж байна.
Иргэн Б.Энхцэцэгт өөрийн гэсэн махны үйлдвэр, агуулах байхгүй байхад мах бэлдээд, экспортлогч аж ахуйн нэгжээр дамжуулан гаргана гэж яриад, хоорондын яриа хэлцэл нь биеллээ олохгүй болохоор яам гарга гэдэг шаардлага тавьж байна.
Яам хууль зөрчиж, тухайн иргэн Хятадын хөрөнгө оруулагчтайгаа хамтран бэлдсэн махыг нь шууд экспортод гаргах боломжгүй. Хоёр улсын хорио цээрийн протоколын дагуу зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдээр дамжиж, лабораторийн нарийн шинжилгээтэй мах экспортолдог. Тиймээс энэ иргэний тавьж буй хууль бус шаардлагыг бид биелүүлж чадахгүй” гэв.