2003 оны арван нэгдүгээр сарын 2-нд Зэвсэгт хүчний 016 дугаар ангид цэргийн албанд татагдаад очсон өдрөө дөрвөн хал цэрэгт зодуулсан Алтанцэцэгийн Ууганбаяр “Дахиад өгөх амь алга, одоо зогс” хэлэлцүүлэгт ирж оролцсон юм. Тэрээр хал цэргүүдийн зодуурын улмаас нэг нүд нь сохорч, насаараа сонсголгүй болж хохирсон харамсалтай тохиолдлын нэг юм.
Ц.Алтанцэцэг "20 жил хүүгийнхээ зодуулсан хэргийг шүүхээр оруулах гэж хөөцөлдсөн. Олон жил хөөцөлдөхөөр хүн цөхөрдөг юм билээ. Гэхдээ хэдхэн хоногийн өмнө 20 жилийн минь харамсал, гомдол арилж хүүгийн минь зодуулсан хэргийг сэргээхээр болсон. Бас цэргийн хэлэлцүүлэг үзсэн гээд ТВ9 телевизийн мөрөөдөл биелэдэг юм нэвтрүүлгээс холбогдож хүүгийн минь чих, нүдийг Солонгосын Сөүлийн их сургуулийн эмнэлэгт эмчлүүлж өгөх санал тавьсан. Маш сайхан байна. Одоо эгч нь дахиж гомдож шаналахгүй. Хүүгийнхээ өмнөөс гомдож 20 жил хөөцөлдсөн зорилго минь биелэсэн учраас эгч нь өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхээр шийдсэн. Эгч нь үйлдвэртэй болох гээд хүүхдийн дээл оёж байгаа” гээд ногоон дээлээ харуулж хөнгөн инээнэ.
Хэлэлцүүлэгт ээжийнхээ хамт ирж оролцох үедээ тэрээр, “Хэргийг хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өг” гэж албаныхнаас хүссэн юм. Энэ дагуу ээж хүү хоёр БЗД-ийн иргэний шүүхэд хандсан бөгөөд уг хэрэг дээр ЗХЖШ, БХЯ-ыг иргэний хариуцагчаар татаад байгаа юм байна. Мөн хэргийн хавтаст хэргийн материалыг ХУД-ийн прокурорын архиваас авахаар очиход тус газраас “Архивт байсан цэргүүдийн бүх хавтаст хэргийг улс шалгахаар авч явсан” гэсэн хариу өгчээ. Уг мэдээллээр, хэрэг нь хаагдсан хохирогч цэргүүдийн материалыг холбогдох байгууллагаас шалгаж эхэлсэн юм байна. “Дахиад өгөх амь алга, одоо зогс” хэлэлцүүлэгт оролцсон хохирогч болон тэдний ар гэрийнхний зүгээс хохирогчдын хэргийг хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, дахин шалгаж өгөхийг хүсч байсан юм. Тэгвэл энэ хүсэл нэг алхам урагшилжээ.