ТОГТМОЛ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙСНЭЭР ЦУСНЫ ЭРГЭЛТИЙГ САЙЖРУУЛЖ ЗҮРХ БОЛОН БУЛЧИНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА САЙЖИРДАГ
ДЭМБ-ын судалгаагаар хүмүүсийн 60-85 хувь нь эрүүл мэнддээ ашиг тустай дасгал хөдөлгөөн хийдэггүй гэсэн дүгнэлт гарчээ. Хүн өдрийн 5-8 цагт байнга хөдөлгөөнтэй байхыг эмч нар зөвлөдөг. Ингэснээр биеийн идэвх хөдөлгөөн мэдрэмжтэй байдал сэргэж өөртөө итгэх итгэлтэй болдог аж.
Иймээс та өдөрт багаар бодоход 30 минут дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Хөдөлгөөн нь настай хүний биеийн чадварын чухал элемент юм. Хөдөлгөөний алдагдлыг эрт үед нь тохирсон дасгал хөдөлгөөн хийлгэснээр илрүүлж, бас зогсоож болно.
Швед улсад хийсэн саяхны судалгаагаар биеийн тамирын дасгал нь урт наслалтад нөлөөлж, нас ахих хүртэл дасгал хийж эхлээгүй хожуу дасгал хөдөлгөөн эхэлсэн байсан ч таны амьдралд нэмэлт жил нэмж өгдөг болохыг тогтоожээ.
ЗҮРХНИЙ ЦОХИЛТОО 130-170 ХҮРТЭЛ ПУЛЬСТЭЙ БАРЬЖ ДАСГАЛ ХИЙХЭД НҮҮРС УСАА ШАТААДАГ
Хүн эрүүл идэвхтэй амьдралын гол үндэс болсон дасгал хөдөлгөөнийг өдөр бүр тогтмол хийж байх хэрэгтэй. Хүн өтөлж бус хөшиж үхдэг хэмээх үг ч ард түмний дунд бий. Ядаж л өдөрт явганаар 10.000 алхах нь эрүүл мэндэд ач тустайг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Дасгал хөдөлгөөний хийхийн ач тус, хэрвээ биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийж эхэлвэл бие физиологитойгоо хэрхэн дасан зохицуулах, шинжлэх ухаанч байдлаар хандах хэрэгтэй юу гэдэг талаар Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн эрдэм шинжилгээ, сургалт судалгааны албаны дарга Б.Батцэнгэлтэй цөөн хором ярилцлаа.
Дасгал хөдөлгөөн тогтмол хийхийн тулд наад захын амьдралд ойр нь ямар арга вэ?
САУЭШТ-ийн Эрдэм шинжилгээний албаны дарга Б.Батцэнгэл: Дасгал хөдөлгөөн нь хүн гэдэг амьтны оршин тогтнох нэг гол үндэс юм.
Ер нь хүн идэвхтэй хөдөлж, явж, идэвхтэй байж эрүүл чийрэг, эрүүл аж төрж, эрүүл амьдарна. Энэ бол ерөөсөө л хүн гэдэг амьтны оршин тогтнох нэг үндэс нь юм. Өөрөө ухамсраараа, өөрөө идэвхтэйгээр хөдөлж, эрүүл аж төрөх хэмнэлээ идэвхтэй өнгөрөөж байх ёстой гэж би бодож явдаг. Энэ утгаараа хамгийн шилдэг арга нь бол алхах, гүйх, шогших ч байдаг юмуу. Одоо манай Улаанбаатарчууд бол их гүйж байна, дугуйгаар их явж байна. Эрүүл аж төрөх хэрвээ нөхцөл байдлыг нь бүрдүүлээд өгөх юм бол одоо эрүүл аж төрөхийн араас хүмүүс бол нэг үеэ бодвол маш идэвхтэй болсон байна.
Дасгал хөдөлгөөнийг зарим хүмүүс огцом хийж өөртөө хэт их ачаалал авдаг. Энэ нь мэргэжлийн бус гэсэн үг үү?
САУЭШТ-ийн Эрдэм шинжилгээний албаны дарга Б.Батцэнгэл: Дасгал хөдөлгөөн хийхдээ өөрийгөө тогтмол хянаж зүрхний цохилт буюу пульсээ 130-170 хооронд барьвал нүүрс усаа сайн шатаадаг.
Одоо дасгал хөдөлгөөн хийхэд хүний булчин олон төрлийн энерги хангамжийг авч ажилладаг. Тэгээд жишээ нь пульс гэж ярьдаг. Өөрийгөө хянахын тулд зүрхний цохилтоо 110-130-ын хооронд бариад дасгал хөдөлгөөн хийвэл өөх шатаадаг. Хоёрдугаарт тэрнээс дээшээ 130-170 хүртэл пульстэй хийхэд нүүр усаа шатаадаг. Ийм судалгаанууд бол байдаг. Яг ний нуугүй хэлэхэд энийг бол судлаад хийлгээд байгаа фитнесс төв бол бас нэлээн ховор юм шиг санагддаг.
Яг харж байхад, зарим бичлэгүүдийг үзэж байхад бол хүнийг хэт ачааллуулдаг шинжлэх ухаанчаар бус биологийн онцлог, биеийн физиологит нь тохирсон бэлтгэл сургуулилт хийхгүй байгаа ч юмуу, арай их шахаад байгаа юмуу, хэрвээ ингэж дасгал хөдөлгөөн хийвэл нэлээд хортой л доо.
Эргээд зүрхэнд нь юмуу, дотоод шүүрлийн эрхтэнд мөн бусад эд эрхтэнд гажиг үүсэх, тийм явдал бол үүсдэг. Тийм учраас хэрвээ "эрүүл чийрэг" аж төрмөөр байна эрүүл мэндийнхээ төлөө дасгал хөдөлгөөн хийе гэх юм бол тэр хүн түүнээсээ баяр баясгаланг авч байх ёстой. Зүдгүүр стресс бус баяр баясгаланг аваад зохих хэмжээний тайван пульстэй, тэндээ хэт ачаалалгүй яг л хэрэгтэй ачааллуудыг нь өгөөд дасгал хөдөлгөөнөө хийвэл яг эрүүл аж төрөх эх үүсвэр нь болно.
ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ТОГТМОЛ ХИЙХ НЬ СЭТГЭЛ САНАА ӨӨДРӨГ, БҮТЭЭМЖ САЙТАЙ БАЙХАД НӨЛӨӨЛДӨГ
Иргэд:
–Ихэнх дасгал гэх юм бол би дандаа алхчихдаг болохоор тэр нь дасгал болчихож байгаа гэх юмуу. Дасгал сургуулилт, хөдөлгөөний хуьд бол хүнд үнэхээр хэрэгтэй л дээ өдөр тутамд нь. Тэгэж байж хүний биед элдэв бусын хөдөлгөөн дутагдалд орохоос сэргийлнэ. Өмнө нь бассейнд явдаг байсан. Бассейнаа тасалдуулчихсан, ажилдаа дарагдаад гэх юмуу, тэгээд алхах нь ихэссэн байгаа.
–Ер нь дасгал хөдөлгөөн хийнэ. Өглөө босоод гар дээрээ суниана. Боломжтой бол алхана. Зөв системтэйгээр дасгал хөдөлгөөн хийх юм бол хүний эрүүл мэндэд эерэгээр нөлөөлнө ойлгомжтой. Наад зах нь хоолоо шингээнэ, хөдөлгөөнтэй идэвхтэй байж хүн амьдарна.
–Одоогоор дасгал хөдөлгөөн хийхгүй байгаа. Зуны улиралд бол дасгал хийдэг, гүйдэг. Анзаараад үзэхэд тогтмол гүйгээд байхаар сэтгэл санаа өөдрөг байдаг.
–Ер нь хүн эрүүл байхын үндэс дасгал хөдөлгөөн гэж боддог. Өсвөр насны хүүхдүүд бол ер нь тэгээд утсаа ухаад суучихаж байгаа болохоор ямар ч хөдөлгөөн байхгүй, гэртээ ч ямар ч хөдөлгөөн байхгүй. Ойр зуурын гэрийн ажил хийх ч юм байхгүй байна. Ялангуяа энэ хот суурин газрууд, хөдөөний хүүхдүүд тийм биш л дээ, харьцангуй хөдөлгөөн сайтай байдаг.
ТОГТМОЛ ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨНТЭЙ БАЙСНААР АРХАГ ӨВЧИН, ЗҮРХНИЙ ТИТЭМ СУДАСНЫ ДУТАГДЛААС СЭРГИЙЛДЭГ
Тогтмол идэвхитэй хөдөлгөөнтэй байснаар архаг өвчин, зүрхний титэм судасны дутагдал, чихрийн шижингийн 2-р төрөл, цус харвалт, хавдар, ясны сийрэгжилт болон сэтгэл санааны хямрал, сэтгэл гутралын эрсдэлүүдээс хамгаалж эдгээрийн тохиолдлуудыг бууруулах ач холбогдолтой юм.
Мөн өндөр настай хүмүүс хөдөлгөөний идэвхитэй байснаар ясны сийрэгжилт болон унаж бэртэхийн эрсдэлээс хамгаалагддаг.
Хөдөлгөөний идэвхи нь зөвхөн өндөр настай хүмүүст ач холбогдолтой бус бүх насны хүмүүст тухайлбал: хүүхэд , залуус, насанд хүрэгсэд, тахир дутуу хүмүүст бүгдэд нь эрүүл мэндийн эрсдэлүүдийг багасгахад нь чухал үүрэг гүйцэтгэдэг.