Хамас бүлэглэл хэлэлцээрийг зөрчиж, Израилийг чиглэн гал нээсэн тул Израилийн талаас газын зурваст цохилт өгч эхэлж буйг тус улсын батлан хамгаалах хүчин мэдэгдлээ.
Газын зурваст долоо хоног гал зогссоны дараа дээрх мэдэгдлийг хийсэн ба талууд нэмж хоног сунгахгүй төлөвтэй байгааг шинжээчид хэлж байна. Гал зогсоох хэлэлцээрт зуучлагчаар оролцож буй Катар болон Египетийн төлөөлөгч нар нэмж хоёр хоног сунгахаар ярилцаж буйгаа мэдэгдэж байсан юм. Гал зогсоох хугацаанд талууд барьцааны хүмүүс болон хоригдлууд солилцож байсан.
Тодруулбал, хамгийн сүүлд Хамас бүлэглэл 8 хүнийг сулласан бол Израилын засгийн газар хорих газарт байсан 30 палестин хүнийг нутаг буцаасан юм. Хэлэлцээрийн дагуу Хамас бүлэглэлийн сулласан нэг барьцааны хүний хариуд Израил гурван хоригдлыг суллах үүрэг хүлээгээд байсан билээ. Гэвч гал зогсоох хугацаа сунгагдахгүй бол үлдсэн барьцааны иргэдийг хэзээ суллах эсэх нь тодорхойгүй байгааг хэвлэлүүд мэдээлж байна.