УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2024 оны төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Өөрөөр хэлбэл эдийн засагч, судлаачдын шүүмжилж буй алдагдал өндөр, өөдрөг төсөөлөлдөө автсан, иргэдийг ядууралд хөтлөх төсөл батлагдах гэж байна гэсэн үг.
Үүнтэй холбогдуулан бид Төрийн удирдлагын доктор, судлаач Н.Гансүхээс 2024 оны төсвийн төслийн талаарх байр суурийг тодруулан хүргэж байна.
Тэрбээр, “Төсөв гэхээр зөвхөн эдийн засагч, улс төрчдөд хамаатай юм шиг ойлгодог. Айл гэрээр төсөөлөх юм бол ирэх жил манай гэр бүл хэдэн төгрөгийн орлого олоод, хэдэн төгрөг зарцуулах юм бэ гэдэг өрхийн зарцуулалттай л адилхан мөнгө. Гэтэл төр үргэлж хамгийн муу эцэг, эхтэй адилхан олохоос илүү зардал гаргадаг. Зардлаа яаж олох вэ гэж ярилцаж байгаад өр тавьдаг, алдагдалтай төсөв баталж байна. Төсөв хэлэлцэх үеэр иргэд үүнийг маш сайн анхаарах хэрэгтэй. Яагаад гэхээр улсын төсвийн орлого бол ердөө татварын орлого юм. Дөрөвхөн жилийн өмнө бид 11 их ная төгрөг ярьдаг, гурван жилийн өмнө 13 их наяд төгрөг ярьж байсан. Энэ жил 27.4 их наяд гээд хоёр дахин их төсөв, мөн хоёр дахин зардал гарч байна. Манай улс ийм их мөнгөтэй юм уу гэхээр үгүй. Энэ бол дандаа өр зээл явж байгаа.
УИХ-ын гишүүдийн өөрийнх нь үндсэн үүрэг бол хууль тогтоож, иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах. Иргэдийн төлөө л ажиллах ёстой субъектууд юм. Гэтэл УИХ-ын гишүүд одоо юу болсон гэхээр, зөвхөн дахин сонгогдох гэж улайрдаг. Тойрогтоо мөнгө хуваарилуулахын төлөө явдаг, байшин барилга баридаг хүн болоод хувирчихсан. Сая Сангийн сайд болон Засгийн Газраас гишүүн болгоны тойрогт гурван тэрбум төгрөг өгөхөөр боллоо. 228 тэрбум төгрөг гаргаж өгнө өө гээд амыг нь таглачихсан учраас хэн ч алдагдалтай төсвийн талаар үг хэлээгүй. Үүнийг эдийн засагч, судлаач нар жил бүр шүүмжилдэг. Хэн ч үүнийг тоодоггүй.
Хэнтий аймагт тавьсан төсөв нь 4-5 аймгийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө байна. Үүнийгээ тайлбарлахдаа тухайн аймгийг аялал жуулчлалын бүс болгоно гэж буй. Яг одоо хөшөө дурсгал барих мөнгөө аялал жуулчлалын цогцолбор гэдэг нэрийдлээр, ширээ сандал авдаг мөнгөө тоног төхөөрөмжийн зардал гээд зүсийг нь хувиргаад оруулчихсан.
Гаднын улс төрчид ганцхан зүйл хэлдэг. Төсвийн хэмнэлт гэж. Төрийн мөнгө гэж байхгүй. Энэ бол ард түмний мөнгө гэж хэлдэг. Гэтэл манайд бол яг эсрэгээрээ. Монгол Улсын гурван өндөрлөг буюу Ерөнхийлөгчийн төсөв өмнө нь 4.5-5.0 тэрбум төгрөг байдаг байсан бол одоо 30 тэрбум. Ууж, идэх мөнгө нь тийм их. Ямба нь л нэмэгдээд байдаг. Ард түмний итгэлийг авч сонгогдоод, ард түмний төлөө ажиллана гэж гарсан төрийн өндөр дээд албан тушаалтнуудын тансаглал нэмэгдээд л байна. Гэтэл ард түмний амьдрал улам хэцүү болж байгаа.
Бид бодлогын шинэчлэл хийх хэрэгтэй. Шинэ зүйлийг хуучин хүмүүсээр яриулдаггүй гэдэг шиг УИХ, парламентад дахин сонгогдсон тойрогтоо их нэр хүндтэй дуучид, бөхчүүдийг халаад, парламентад мэргэжлийн хүмүүс бүрдүүлэх хэрэгтэй. Эдийн засагч, судлаач гэх мэт… Монголын 3.4 сая иргэдийн ардчиллын эрхээ эдлэх ганцхан боломж бол сонгууль. Сонгуулиар санал өгөх эрхтэй хоёр сая иргэн байдаг. Гэтэл сонгууль өгдөг 1.4 сая л хүн байдаг” гэлээ.