Сүүлийн хэдхэн хоногт хур тунадас ахиу хэмжээгээр орж орон нутагт цас зудны байдалтай болсон. Хүйтний эрч эрс чангарч, нийслэл хотод ч халтиргаа гулгааны улирал юу юугүй эхэлчихсэн. Жил бүрийн өвөл нөгөө л нийслэлчүүдийн шүдний өвчин халтиргаа, гулгаа явган хүний замаар дүүрэн мөс цас…
Арга ч үгүй биздээ. Зориулалтын бус хавтангаар тэр дундаа гөлгөр плита шахуу стандарт бус явган хүний чулуун замтай нийслэл шиг өөр хот бусад улс оронд лав байхгүй байх. Угтаа бол Үндсэн хуулиндаа заасанчлан эрүүл энх, амьд мэнд явах баталгаагаа бид тэр бүр авч чадахгүй байна. Дэндүү хүлцэнгүй, уужуу сэтгэлтэй ард түмэн тулдаа л өдий хүртэл явж буй биз. Гэрээсээ эрхтэн бүтэн гарч яваад л явганаас халтирч унаад бэртчих юм.
Сүүлийн долоо хоногийн хугацаанд гэхэд л явганаас унаж, бэртэж гэмтсэн 357 иргэн ГССҮТ-д, харин бусад салбар эмнэлэгт 78 хүн хандаж, яаралтай тусламж үйлчилгээ авчээ. Энэ нь сүүлийн гурав хоногийн байдлаар, үйлчлүүлж буй иргэдийн тоо 2 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм. Бэртсэн иргэдийн дийлэнх нь гар, хөл нь хугарсан, цуурсан байдалтай эмнэлэгт ханджээ. Улаанбаатар хотын хэмжээнд хоёрхон өдөрт 214 хүн гэмтэж бэртэн, эрүүл мэнд, цаг хугацаа, сэтгэл санаагаараа хохирсон гэсэн үг. Өвлийн улиралтай атлаа мөстдөг хавтангаар явган хүний замаа барьчихсан, хүн хүч техник хүрэлцээ муу гэх Нийслэлийн удирдлагуудыг энэ байдлаа засаж сайжруулахыг хүлээвэл мөдгүй. Тиймээс бид амьдралд ойр зөвлөгөө бэлтгэхийг хичээлээ. Эрүүл мэндийн яамны албан ёсны цахим хуудаснаа “Тохойн үеийг тэнийлгэж, гараа алдалж унахад бугуйн яс хугарч, шөрмөс сунаж тасрах аюултай байдаг тул унахдаа гараараа тулж унахгүй байх”-ыг зөвлөжээ. Мөн гудамжаар алхахдаа өвдгөө бага зэрэг нугалж, урагш бөхийх, халтирдаггүй гутал өмсөх, зам гарахдаа гүйхгүй байх, анхаарал болгоомжтой алхах шаардлагатай гэж зөвлөж байна.
Халтиргаа гулгаанаас үүдэж бэртэж гэмтсэн хүний тоо нэмэгдэж буй учраас Эрүүл мэндийн яамнаас аргаа барсан зөвлөгөөг өгсөн нь энэ.
Ямар сайндаа л халтирч унахдаа тулбал “Зөв техник”-тэй унахыг бие биедээ зөвлөж байх вэ дээ…Тэр бүү хэл халтираад уналаа, цас амслаа, давс нь шорвог байна гэж хүртэл ярьцгааж байна.
Харин халтиргаа гулгаатай, цас мөстсөн замаар зорчиж буй иргэд ийн сэтгэгдлээ илэрхийлэв.
Иргэд: Оройн цагаас илүүтэй өглөөний цагаар илүү төвөгтэй хэцүү, автобусанд суух гээд яараад явж байхад халтирч гулгаад хүндхэн л байна.
–Оройн цагаар түгжрээд алхахаар пингвин шиг алхаад л байна.
–Бодолцож хийгээгүй юм болохоор халтирна, жилийн дөрвөн улиралтай гэдгээ мартсан юм шиг байна.
–Орчноо цэвэрлэх ёстой л гэдэг цас орсноос хойш цэвэрлэгээ хийж байгаатай огт тааралдсангүй. Ер нь аж ахуйн нэгжүүд л стандарт дүрэм журамд заансанчлан ойр орчмын талбайгаа цас мөсөн бүрхүүлээсээ цэвэрлэж салгах ёстой биздээ. Гэтэл гараа хөдөлгөж буй газар тун ховор л байна.
–Би давхар биетэй болохоор халтирахгүйг хичээгээд явж байна. Цахим орчноос харахад цас цэвэрлэгээний олон машин байсан, бүх замаараа явах байх гэсэн үгүй байсан. Халтиргаа гулгаа их байгаагаас “Пингвин” алхалтаар алхах шахам явсаар, ажил, гэртээ хүрч байна гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй.
Энэ мэтчилэн өдөр тутамдаа бид гэрээсээ гараад л айдас хүйдэс, стресстэй шууд нүүр тулж байна. Урьдчилж эрсдлээ тооцоолохгүй ажилладаг дарга нарын хожуу ухаан уу? Эсвэл монгол хүний нөгөө л нэг биеэ өмгөөлдөг хээгүй, гүндүүгүй араншин уу?
Ингээд залгуулаад "Утааны улирал" эхэлчихлээ. Үнэн хэрэгтээ Түгжрэлийн шинэхэн сайд нь иргэдийг машинаас нь буулгаад автобусаар явуулж сургана гээд л яриад байдаг. Түгжрэлийг бага ч болов бууруулахад хувь хүний ухамсраар иргэний үүднээс явганаар алхах гэхээр зам нь мөсөн коток, агаар нь бохирдолтой.
Хэдий болтол нийслэлчүүд бид өвөлдөө цас мөсний халтиргаа, утаа угаараа ярьж халаглаж суух юм бол доо…