Улсын төсвийн 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баян-Өлгий аймгийн Алтай сумын төвд тавигдсан 2.4 км хатуу хучилттай авто замын албан ёсны тууз хайчлах нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2023.11.06/ боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Т.Аубакир, аймгийн Засаг дарга А.Камелият, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар болон сумын удирдлагууд, орон нутгийн иргэд хөдөлмөрчид оролцлоо.
Алтай сумын төвд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2.4 км урт хатуу хучилттай авто зам тавих ажил өнгөрсөн онд эхэлсэн.Энэхүү замын ажлыг орон нутгийн “Гранд рөүд групп ” ХХК чанарын өндөр түвшинд хийж, төлөвлөсөн хугацаанд багтаан дуусгасан тул тус зам дээр энэ сарын 2-ны өдөр Улсын комисс ажиллаж, ашиглалтад хүлээн авсан юм. Ийнхүү аймгийн хэмжээнд 10 дахь сум төвдөө хатуу хучилттай авто замтай болж байна.
Эх сурвалж: Баян-Өлгий аймгийн ЗДТГ