Бизнесийн салбарынхан Ерөнхий сайдтай уулзаж саналаа хэллээ. Энэ үеэр ярьсан зарим гол агуулгыг хүргэж байна.
"Шоппи" ХХК-ийн ерөнхий захирал Ц.Мэндбаяр: Дотоодын их дээд сургууль төгсөгчид компаниудынхаа эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байна. Компаниудын төлөөллийг их дээд сургуулийн ТУЗ-д багтаая. Их дээд сургуулийн төгсөгчдийг хараад үзэхээр компаниудын шаардлагыг хангахаар боловсон хүчин ерөөсөө гарч ирэхгүй байна. Би саяхан МУИС-ийн доктор, профессор хүнтэй уулзахад тэр хүний мэдлэг нь ч, туршлага нь ч хоцрогдчихсон байна. Тэгэхээр салбарын компаниудын төлөөлөл их сургуулиудын ТУЗ-д багтаах хэрэгтэй байна. Хоёрдугаар санал нь грант гэдэг асуудал байна. Өнөөдөр Монголын худалдааны салбарт байгаа хүмүүс ямар ч технологи, инноваци бодох тэнхэлгүй байгаа. Гэтэл Сингапур зэрэг бусад улс орнууд яадаг вэ гэхээр инновацийн шийдэл авахад нь грант өгчихдөг. 500,1000 ам.доллар гэх мэтээр. Тэр компаниуд нь тухайн технологийг нь авч ашиглаад, өөрсдийн бизнест ашиглах, шийдвэр гаргалтанд ашиглах энэ боломжийг нь бүрдүүлээд өгч байна. Энэ нь яагаад хэрэгтэй вэ гэхээр хүний нөөцийн дутагдал, мэдээлэл технологийн мэдлэг зэрэг олон зүйлээс хамааралтай байна. Эргүүлээд яаж болох вэ гэхээр тодорхой грант өгсөн компаниудын орлогоос нь улс, Сангийн яам буцаан авч болох гэх мэт энгийн хоёр шийдлээр том асуудлуудын ард гарах юм биш үү гэж бодож байна” гэлээ.
Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Түмэнцогт:
“Оюутолгой”-г эс тооцвол уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт маш бага. Төр бүтээн байгуулалтын том төслүүдээ хийж байна. Хувийн хэвшилдээ ач холбогдол өгөхгүй, хөрөнгө оруулалт татах талаас ярихгүй байгаа. Хөрөнгө оруулалт татах дагнасан агентлаг алга. Оюутолгойгоос ахиу орлого олоод байгаа учраас уул уурхайн салбарыг орхигдуулаад байна. Үүнийг дагаад засаглал муу. Уул уурхайн салбар ажлын байр цөөн бий болгодог. Засаглалын асуудлыг анхаарах шаардлагатай байна” гэв.
“Ачит Ихт” компанийн үүсгэн байгуулагч П.Цагаан:
Бизнес хөгжихөд саад болж буй зүйл бол засаглалын чадавх. Баг, сумын ЗДТГ ч үүнд хамааралтай. Найдвартай дэд бүтэц буюу эрчим хүч, тээвэр, судалгаа хөгжүүлэлтийн соёл Монголд муу, үр өгөөжтэй хууль эрх зүйн орчин бизнес хөгжихөд саад тээг болж байна” хэмээн саналаа хэллээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.