УИХ энэ өдрүүдэд Монгол Улсын 2024 оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Ирэх оны төсөвт цалин, тэтгэвэр, тэтгэмжийг тус бүр нэмэгдүүлэхээр төлөвлөөд буй. Ингэхдээ төрийн бүх албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлж, төрийн нийтлэг үйлчилгээний ажиллагсдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэхээр ирэх оны төсөвт тусгасан юм. Нийтлэг үйлчилгээний албанд ажиллагсдад нийт 217.7 мянган хүн хамаардаг.
Мөн суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40 хувиар орон нутгийн нэмэгдэл олгох бол аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэг болох Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувиар тооцож, орон нутгийн нэмэгдэл олгох тухай Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээллээ.
Мөн тэрээр төрийн албан хаагчид орон нутагт байр худалдан авах тохиолдолд гурван хувийн ипотекийн зээлд хамруулж, хүүгийн зөрүүг төсвөөс төлөх тухай хэлсэн юм. Түүнчлэн урьдчилгаа төлбөрийн 60 хувийг Зээлийн батлан даалтын сангаас гаргана гэв.