-Их удахгүй УИХ-аар НӨАТ-ын таван хувийг хэлэлцэнэ. Батлах нь ч тодорхой. Сонгуулийн насны нийт иргэдийнх нь 101 мянга, сая гарын залуусынх нь 80 мянга орчим залуус нь дэмжиж гарын үсгээ зурчихаад байхад УИХ дахь үнэмлэхүй олонх болсон УИХ дахь МАН-ын бүлэг, эрх баригч нам МАН батлахгүй байна гэж байхгүй. Гагцхүү энэ хэдэн өдөр тэдэнд жүжиг, жүжигчин хэрэгтэй байсан-
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд төдийгүй Засгийн газрын гишүүд өөр хоорондоо хэмлэлдэж тэмцэлдэх нь хэвийн үзэгдэл боллоо. Хэн хэнийг нь гэлтгүй элдэв янзын дайралт, идэж уусан тухай гашуун мэдээлэл өдөр бүр шинэчлэгдэж, хулгай луйврын сүлжээ төрийн толгойд гарсныг ард олноороо нэгэнтээ танин мэдэх болов. Гэсэн ч энэ хугацаанд хэн нь ч хариуцлага хүлээсэнгүй. Мөн хэн нь ч эрх чөлөөгөө хасуулж, шоронгийн хаалга татсангүй. Тэр бүү хэл шүүхээс Хөгжлийн банкны зээл олголтод зуучилж, авлига авч өгсөн гэдэг үндэслэлээ ял авчихаад байгаа УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг гэхэд гишүүнийхээ бүрэн эрхтэй нар саранд зугаалсан шигээ амьдарч байна. Бүрэн эрхийг нь чөлөөлөх асуудлыг хууль хяналтын байгууллага нь ч оруулж ирсэнгүй. УИХ нь ч хэлэлцсэнгүй. Ингэхээр авлигатай тэмцэх тухай гоё сайхан үг хийгээд адаг эцэс болтол нь нэгнээ доромжилсон, илчилсэн үнэний аль нь ч одоогийн МАН-ын хувьд жүжигчилсэн үзүүлбэр, олон ангит киноны арай муухан хувилбар болж таарч байна. Учир нь, улс төрийн эерэг сөрөг тэнцвэр талаас МАН-д өнөөдөр сөрөг хүчин алга. Үүнийг бүгд мэднэ. Эрх ашиг талаасаа эвлэж нэгдэхдээ сайн ХҮН нам бараг хүсээд ч сөрөг хүчин болох сонирхолгүй. Дотоодын толхилцоондоо хүч тарамдсан АН-ын хувьд МАН-тай дайсагнаас илүү лидер тойрсон сүлжээнээсээ нэг өстөн олж аваад өшиглөж зодсон нь хамаагүй чухалд тооцогдох болсон.
Энэ нөхцөлд МАН бодно оо доо. Сөрөг хүчингүй, сөргөлдөх хүнгүй УИХ-ын сонгуульд орлоо гэхэд үр дүн хэрхэх вэ. Дахин үнэмлэхүй олонх боллоо гэхэд ирээдүйн улс төрөөс арчигдаж мэднэ. Таллаж ялвал эвслийн Засгийн газар байгуулна. Тэр цагт 100 жилийн настай улс төрийн хүчний насжилт болоод нөлөө төдий дайндаа үлдэх боломжтой. Үгүй бол 100 жилийн уналт руу ч гулсаж болно… Ерөнхийдөө иймэрхүү бодол таамгаа тэд Үндсэн хуулийн шинэчлэлийн үеэр удаа дараа мэдэгдсэн. Тааж бодоод, зохион бичээд байгаа хэрэг бус. Гол нь, тэд ийн бодсоор энэ удаад жүжгийн зохиолоо арай өөрөөр буюу огт шинэ зангилаатай бичсэн бололтой юм. Бололтой ч гэж ер нь бичиж, бичиж.
Тэр нь юу вэ гэхээр нэгд, нам дотроосоо сөрөг хүн тодруулж, түүнийгээ тойрч мөлжих. Хоёрт, сөргөлдөөнийг дотоодоосоо эрчтэй зохион байгуулах. Үүний жишээ нь Засгийн газарт багтаж байгаа сайдуудын толхилцоон. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын багийнхан өдөр шөнөгүй сошиалд “зодож”, коксжих нүүрсний үйлдвэрийнх нь төслийг унагааж байна. Уг нь энэ нь Засгийн газрын л ажил байсан. Гэсэн ч УИХ-ын сонгуулиар “Манай нам харин ч ардчилалтай нам шүү” гэж хэлэхэд таарч тохирох хамгийн тод жишээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын “Ч.Хүрэлбаатар сайд бол мэргэшсэн хулгайч. Сангийн сайд байхдаа 439,6 сая ам.долларын долоон төсөл хэрэгжүүлж гарын үсэг зурсан байна. Дандаа өөрийн тойрогтоо хэрэгжүүлсэн. Энэ бол тойргийнхо иргэдийг хахуульдсан хэлбэр. Зээлийнх нь өрийг Монголын ард түмэн төлж байна. Ямар өндөр өртөгтэй сайдын суудал вэ. Бид жил болгон Ч.Хүрэлбаатар сайдын авлигыг санхүүжүүлж байна” гэсэн үг. Тэрбээр гүйцэтгэх засаглалд багтсан даруйдаа гурав хоногийн дараа энэ үгийг УИХ-ын чуулганы танхимд хэлж, сошиал орчинд Ч.Хүрэлбаатар сайдын туслахууд бүрэн бүрэлдэхүүнээрээ Б.Энхбаяр сайд руу дайрсан. Жүжиг гэхдээ дээрх хоёр жишээгээр дуусаагүй. Сүүлд УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувьд хүргэх санаачилга гаргаж, УИХ-ын тухай хуулийн дагуу d-парламент цахим системээр 100 гаруй мянган иргэн дэмжиж саналаа өгсөн. Хуулиараа уг саналыг УИХ-аар хэлэлцэж, шийдвэрлэх ёстой. Гэтэл хажуунаас нь гэнэт нэг сайн талын дүр гараад ирсэн. Тэр дүр нь Сангийн сайд Б.Жавхлан. Өөрөө 2024 оны төсвийн төслийг дөрвөн их наяд төгрөгийн алдагдалтай оруулж ирчихээд эргээд 600 орчим тэрбум төгрөгийг НӨАТ-ын буцаан олголтод өгөх болохоороо гараа атгаад суучихсан. Тэнд ч нэг айлын 00 барьж өгнө, энд ч нэг дээвэр, хана дулаална гэж бичсэн УИХ-ын сонгуулийн төсөвт нь НӨАТ-ын буцаан олголтод арван хувийг тушаадаг ард түмэндээ таван хувийг нь эргүүлэн өгөх эдийн засгийн тэнхээ байхгүй гэнэ. “НӨАТ-ын 5 хувийг өгвөл Монгол Улс улсаараа дампуурна” гэдэг нэг үгтэй болчихсон. Хаа очиж монголчууд өнгөрсөн 30 жилийн алдаа оноо, улстөрчдийн гашуун нялуун үгэн дунд туучиж явсаар энэ зэргийн үгийг ямар үед хэрэглэдгийг нь тааварлахтайгаа болчихож. “Өө, жүжиг ш дээ, жүжиг” л гэцгээж байгаагаас харахад… Тэгэхээр энэ НӨАТ тойрсон дуулиан яах аргагүй МАН-ын дэглэлтэй олон ангит киноны нэг анги, тайзны жүжгийн нэг үзэгдэл л байх. Хэлсэндээ, бичсэндээ МАН-д гаднаас сөрөг хүчин олдохгүй болохоор дотроосоо олж түлхээд байна аа гэж. Үүн шигээ гаднаас бус дотроосоо сэдэв дэлгэдэг болчихож. Их удахгүй УИХ-аар НӨАТ-ын таван хувийг хэлэлцэнэ. Батлах нь ч тодорхой. Сонгуулийн насны нийт иргэдийнх нь 101 мянга, сая гарын залуусынх нь 80 мянга орчим залуус нь дэмжиж гарын үсгээ зурчихаад байхад УИХ дахь үнэмлэхүй олонх болсон УИХ дахь МАН-ын бүлэг, эрх баригч нам МАН батлахгүй байна гэж байхгүй. Гагцхүү энэ хэдэн өдөр тэдэнд жүжиг, жүжигчин хэрэгтэй байсан. Сэдвийг халууруулах замаар ялалтынхаа хөрсийг бэлдэхийн тулд. Эдийн засаг хэцүү байсан ч ард түмнийхээ саналыг хүндлээд НӨАТ-ын таван хувийг бид дэмжлээ гэж… Ирэх УИХ-ын сонгуулиар энэ сэдвийг нэг сар мөлжиж, сурталчлах сууриа ингэж нэг долоо хоногт тавьж байна аа гэж. МАН-ын сонгуулийн “ухаан”-ыг яаая даа, байз.