Монголчууд бид цөөхүүлээ хэдий ч харьцангуй спортлог улс. Өөрөөр хэлбэл спортын үнэнч хөгжөөн дэмжигчид…
Бид 2008 оны Бээжингийн олимпын наадмаар анхны олимпын аваргаа өлгийдөн авч баяр хөөр, бахдал огшил, бахархлын нулимс унагаж ард түмэн төдийгүй төрийн дээдчүүд бүгд л төв талбайдаа цуглан Монголоороо гоёсон билээ. Ер энэ л цагаас хойш ард түмэн бид Олимп, Тив дэлхий, Ази тив, Олон улсын тэмцээн уралдаанд эх орноо төлөөлөн өрсөлдөж буй тамирчдаасаа болж өгвөл л заавал амжилт үзүүлэх ингэхдээ заавал медаль зүүгээд ирэхийг битүүхэндээ хүсдэг болчихсон. Аргагүй л дээ. Энэ нь Монголын тамирчдын амжилт, ялалт жилээс жилд өсөж илүү сайжирч, чанаржиж байгаагийн илрэл. Нөгөө талаасаа бид тамирчдаасаа амжилт, ялалтаас гадна хариуцлага цаашлаад ёс зүй нэхэх эрх нь бий…
Учир нь татвар төлөгч бидний мөнгөөр их спортын Үндэсний шигшээ баг хэмээх өрх айлд харьяалагдаж буй хэн бүхэнд цалин хөлс, тэмцээн уралдааны бэлтгэл сургуулилтаа хангахад зарцуулагдах урсгал зардал, тэтгэмж зэргийг төлдөг. Иймээс спортынхон энэ хэрээрээ өндөр хариуцлагатай, ёс зүйтэй, үүнийгээ дагаад үүргээ бүрэн ухамсарласан байх чухал. Олон өдөр хоног, сарын хөдөлмөр зүтгэл, хөлс хүч, тэсвэр тэвчээр, зориг хатуужлыг огтхон ч үгүйсгэхгүй. Гагцхүү тэдний энэ л хөдөлмөр зүтгэл, зориг, зорилго талаар болох учиргүй. Хөдөлмөр, зүтгэл талаар болбол татвар төлөгчдийн мөнгө салхинд үр дүнгүй хийсэж байна л гэсэн үг.
Нэг үеэ бодвол манай улсад "Спорт" хөгжиж байна аа. Гэхдээ дан ганц тамирчин, дасгалжуулагч хичээх бус хаа хаанаа бүгд бүрэн дүүрэн анхаарч Спортыг шинжлэх ухаантай уялдуулан хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий болоод чамгүй олон жилийг үдэж байна. Бид өнөө маргаашийн өөхтэйгээ зууралдсаар байтал Дэлхийд спортын салбар нь хурдацтай хөгжиж улам бүр чанаржин чадавхжсаар байгаа юм. Энэ өнцгийг түр азнаад гол асуудалдаа ороё.
Ирэх 2024 он "Парис"-ын олимпын жил. Тэгвэл татвар төлөгчдийн мөнгөнөөс 73 тэрбум төгрөгийг ирэх онд спортод зарцуулна гэж төлөвлөжээ. Үүнээс 22 тэрбум төгрөгийг Парисын олимпд оролцох тамирчдын багийн зардалд зарцуулахаар 2024 оны төсвийн төсөлд тусгасан байна. Сүүлийн жилүүдэд тамирчдын амжилт ялалтыг дагаад төсвөөс спортод зарцуулагдах зардлыг өндрөөр олгохоор төсөвт суулгуулж өмнөх жилүүдээ бодвол харьцангуй анхаарах болсон. Гэтэл хайрлах тусам цаашаа зугтаана гэгчээр энэ л салбараас допингтой холбоотой асуудал муу дээрээ муу, муухай дээрээ улцан болгосоор байна.
Допингийн асуудал нь тухайн нэг тамирчин эсвэл аль нэг спортын төрөл бус Монгол Улсыг дэлхийд мөн олон улсад маш муухай харагдуулж байна.
Төр засгийн шийдвэрээр Олимпын наадмаас медаль хүртсэн тамирчинд сард 2-4 сая төгрөгийн урамшуулал олгодог.
Өнөөдрийн байдлаар олимп болон ДАШТ-ээс медаль хүртсэн 70 гаруй тамирчин бий.
legalinfo.mn-д мэдээлснээр
Тамирчдад сар бүр олгодог урамшуулал:
Олимп алт-4 сая
Олимп мөнгө-3 сая
Олимп хүрэл-2 сая
ДАШТ алт-2 сая
ДАШТ мөнгө-1 сая
ДАШТ хүрэл-500 мянган төгрөгийн урамшуулал олгодог байна.
Олимп, ДАШТ-нээс медаль хүртсэн тамирчдад:
2022 онд 1,9 тэрбум төгрөг
2023 онд 2 тэрбум төгрөг
2024 онд 2,1 тэрбум төгрөгийг олгохоор тус тус тусгасан байна.
Ингээд бодохоор спортынхноос тогтмол өндөр амжилт мөн хариуцлага, ёс зүйг нэхэх эрх нь ард түмэнд бий. Учир нь их спорт тэр дундаа мэргэжлийн тодотголтой спортын төрлүүдээс саяхан болсон "Ханжоу-2022" Азийн наадмаас гэхэд л хоёр ч тамирчнаас допингийн зөрчил бүртгэгдсэн. Бага олимп гэгддэг 4 жилд нэг удаа болдог Азийн наадмаар ийм зөрчил илэрсэн нь 2018 оны хар бараан дурсамжийг сэдрээж Монгол Улсыг мөн л дэлхийд хариуцлагагүй, өөдгүй харагдуулчхаж байгаа юм.
ҮШБ-д харьяалагддаг тамирчин, дасгалжуулагч, эмч, багийн ахлагч гээд бүх л хүний замын зардал, байрлах байр, хоол хүнс, бэлтгэлжилтэд оролцоход шаардагдах урсгал зардал, цалин урамшуулал, тэтгэмж гээд бүх зардлыг татвар төлөгчид төлдөг. Ингээд сүүлийн 10 жилд буюу 2013 оноос Олимп болон ДАШТ-ний медальтнуудад урамшуулал сар бүр олгож эхэлснээс хойш нийт 20 тэрбум орчим төгрөгийг олгожээ. Хамгийн их урамшуулал авдаг тамирчин бол сард 6-10 сая төгрөгний урамшуулал авдаг.
Тамирчинд олгодог цалин урамшуулал, тэтгэмж, шагнал:
-Олимп, ДАШТ медаль 0,5-4 сая
-Гавьяат тамирчин 150.000
-Шигшээ багийн тамирчин 1.5 сая
-Олимпын наадмаас медаль хүртвэл нэг удаагийн шагнал 120 сая төгрөг хүртэл
-Олимпын эрх авсан тамирчинд 10 сая төгрөгийг олгодог.
Тив, дэлхий, олимпийн тэмцээнд амжилт үзүүлбэл тухайн тамирчинд 5-120 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгодог.
Одоогийн байдлаар спортын 25 төрөлд үндэсний шигшээ багийг байгуулан ажиллаж байна. ҮШБ-д харьяалагддаг тамирчин, дасгалжуулагч, эмч гээд нийт 249 хүнд сар бүр цалин олгодог. Спорт эв нэгдэл, бахдал бахархал, омогшил урам зоригийг авчирдаг гэгээлэг гоё салбар.
Гэхдээ "Допинггүй ирээдүй"-г бид бүтээвэл энэ л салбар гоё сайхнаараа, монгол бахархлаараа цэвэр үлдэнэ.
Спорт бол тухайн улс орны хөгжил дэвшил, эдийн засгийн нөхцөл байдлыг илтгэж байдаг "Нэрийн хуудас" юм. Мэдээж олон хүн амтай, спортдоо даацтай хөрөнгө мөнгө зардаг орнуудтай Монгол улсыг харьцуулах боломжгүй. Харин хүн амын тоотой нь Монголын тамирчдын амжилтыг харьцуулбал чанар өндөр гарах биз ээ. Гэхдээ спортын бүх л төрөлд дараагийн залгамж халаа, ирээдүйн шилдэг тамирчдын нөөцийг бэлтгэх зайлшгүй чухал шаардлага Монгол улсад бий. Үүнийгээ дагаад нөгөө л зардал мөнгө яригдах нь ойлгомжтой. Гэтэл Монгол улс түрийвчнийхээ хэмжээгээр, чадлынхаа хэрээр л спортоо орхилгүй, анхаарч, дэмжиж явж байгаа. Нэг гэм нь хэтэвчиндээ тааруулан өнөө маргаашаа аргацааж явсаар "Нийтийн биеийн тамир" нь гээгдчихээд байгаа юм.
Харин манай улс спортын салбарт анхаарахын зэрэгцээ тусгайлсан сайдтай болгосон. Сайдын зардал багцыг хүртэл 2024 онд нэмж байгаа аж. Тэгвэл олимп, нийтийн биеийн тамир, спорт хариуцсан сайдын зардлыг 15 хувиар өсгөж 73 тэрбум төгрөгийг ирэх оны төсвийн төсөлд тусгажээ. Үүн дотор Парисын олимпт оролцох шигшээ багт 22,6 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан байна.
Тодруулбал өндөр хариуцлагатай, өндөр сахилга бат, ёс зүйтэй, спортын хамгийн гол суурь зарчим болох "Шударгаар өрсөлд" хэмээн спортынхонд өгч буй татвар төлөгчдийн мөнгө гэсэн үг ээ.