БНСУ-ын Сөүл хотын Итэвонд 159 хүний амийг авч одсон аймшигт үйл явдлаас хойш нэг жилийн хугацаа өнгөрчээ. 2022 оны 10-р сарын 29-ний өдөр буюу Бямба гарагийн орой Сөүлийн шөнийн амьдрал ид өрнөдөг Итэвонд 100,000 орчим хүн Хэллоуины баяраа тэмдэглэхээр цугларсан юм.
Хохирогчид 3.2 нарийхан гудманд дарагдаж нас барсан бөгөөд тэнд маш олон хүмүүс нэг дор бөөгнөрөн, нэг нэгнийхээ дээрээс дарж, унаж байсан юм. Энэхүү осол нь 2014 онд тус улсад Севол хөлөг онгоц живж, 304 хүний амийг авч одсоноос хойш тохиолдсон хамгийн том гамшиг байв. Өдгөө амьд үлдсэн болон хохирочгдын ар гэрийнхэн нь гамшгийн эсрэг хариу арга хэмжээ авч, хохирлоо барагдуулахын тулд үнэнийг эрэлхийлсээр байна. Амиа алдагсдын хөрөг бүхий гашуудлын тахилын ширээ Сөүл хотын захиргааны урд байрлах зүлгэн талбайн буланд байрлаж байгаа бөгөөд ар гэрийнхэн нь амь үрэгдсэн ослын талаар тусгай хууль батлахыг уриалсаар байна.
"Аймшигт дурсамжаас хойш аль хэдийн нэг жил өнгөрчээ, гэхдээ нэг ч үнэн зөв илчлэгдээгүй, хэн ч шийтгэгдээгүй байна" гэж талийгчдийн гэр бүлийн төлөөлөл болсон Ли Жун Мин сэтгүүлчдэд хэлжээ. Тэрбээр 28 настай охиноо энэ үеэр алдсан юм. Ли болон бусад 100-аад ар гэрийнхэн он дуусахаас өмнө юу буруугаар эргэснийг, мөн хариуцлагыг хэн хүлээх талаар мөрдөн байцаалт явуулахыг хүсэж байгаа аж. Одоогоор анхны тусламж үзүүлсэнтэй холбоотой хэргээр яллагдагчаар татагдсан цагдаа, гал унтраах, тойргийн хэд хэдэн албан тушаалтныг шүүх ажиллагаа явагдаж байна. Эмгэнэлт гамшгийн шөнө яаралтай тусламж хүссэн 87 дуудлага орхигдсон байдаг бөгөөд гамшгаас урьдчилан сэргийлэх ямар ч арга хэмжээ аваагүй байгаа нь энэхүү эмгэнэлт явдлыг "хүний буруутай үйлдлээс болсон” гэж олон нийт үзэхэд хүргэсэн юм.