Израиль, Хамас бүлэглэлийн хооронд мөргөлдөөн ширүүссэнээс хойш долоо хоногийн хугацаа хэдийн өнгөрлөө. Палестины Исламын Хамас бүлэглэл Израильд гэнэтийн цохилт өгснөөс болж Израильд 1400 хүн амь үрэгдээд буй.
Харин Хамас бүлэглэлийн гэнэтийн цохилтын хариуд Израилын батлан хамгаалах хүчин 2.3 сая палестинчууд амьдардаг Газын зурваст агаарын цохилт өгч, тус улсын батлан хамгаалах сайд Газын зурвасыг бүрэн бүслэх тушаалыг цэргүүддээ өгсөн. Үүнээс болж хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 2600 хүн Газын зурваст амь үрэгдсэн байна. Израиль улс батлан хамгаалах хүчнээ Газын зурвасын хилийн ойролцоо байршуулж эхэлсэн. Тэд газраар нэвтрэх гэж байгаа талаар гадны томоохон хэвлэлүүд мэдээлж эхэлсэн ба өнгөрсөн баасан гарагаас эхлэн Газа хот дахь 1.1 сая иргэнийг урагш яаралтай явахыг Израилийн талаас сануулж эхэлсэн юм. Газын зурвас болон Египетийн хил дээр байрлах “Рафах” гэх хянан шалгах цэг бий.
Газын зурвасаас гарахыг хүссэн иргэд гарах боломжтой цорын ганц гарц нь энэ боловч өнгөрсөн долоо хоногт цохилт өгсний улмаас иргэд гарах боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл, Газын зурвас дахь иргэд бүрэн бүслэгдсэн байгаа тул тус бүс нутаг руу тусламж аюулгүй хүргэх хүмүүнлэгийн коридорыг яаралтай байгуулах шаардлагатай байгааг ДЭМБ-ын тэргүүн Тедрос Гебрейсус хэлсэн юм. Нөгөө талд, Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденыг айлчлахыг хүссэн байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен мөн Израильд айлчилсан юм.
Эх сурвалж: CNN