БНСУ-аас хуучин автобус оруулж ирсэн гэх асуудалтай холбогдуулан Монгол, Солонгосын талынхныг хуулийнхан шалгаж байна. Энэ талаар албаны эх сурвалж мэдээллээ. Албан мэдээлэлд дурдсанаар:
“…Нийслэлийн прокурорын газраас Төрийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагаанд оролцохдоо нэр бүхий хүмүүстэй үйлдлээрээ санаатай нэгдэн, уг хэрэгт хамжигчаар хамтран оролцон ажлын хэсгийн гишүүдэд хууль бусаар нөлөөлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Лий Жунг Сууб /Lee Jung Seob/, Ким Киабаум /Kim Keabaum/ нарыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул прокурорын саналыг үндэслэлтэй гэж дүгнэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ” гэв.
Тойм бичсэн: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол
Нэмж мэдээлэхэд, тухайн хоёр иргэн нь Монголд ирж хэвлэлийн хурал зарласан компанийн төлөөлөл биш бөгөөд тэднийг ч мөн гадуур шалгаж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.