Цахим сүлжээнд олон дагагчтай болж, бусдын анхаарлыг “өөрөөр” татаж буй зарим хүнийг “мэдрэл муутай” гээд гутаан доромжлох, гадуурхах, шоолж бах таваа хангах зэрэг хандлага түгээмэл харагддаг. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан сэтгэцийн эмгэгийн талаар, сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийн нийгэмд үзүүлэх нөлөөллийн талаар сэтгэл засалч эмч М.Мандахтай ярилцлаа.
-Сэтгэцийн эрүүл мэндттэй холбоотой сүүлийн үед хийсэн судалгаа бий юу?
-Монголын бүхий л аймгийг хамруулан зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн судалгааг 2010 оноос хойш хийсэн . Энэ судалгаанаас харахад, сэтгэцийн үндсэн эмгэг буюу солиорох эмгэг нь хүн амын нэг хувийг л эзэлдэг. 11 мянган хүнийг хамруулсан энэ судалгааны 30-50 хувийг стрессийн шалтгаант хямралтай хүмүүс эзэлж байгаа. Үүнд мэдрэлийн ядаргаа, стресс, нойрны хямрал, сэтгэл түгших, сэтгэлээр гуньж гутрах гээд бүгд л хамаарч байгаа юм. Сэтгэцийн асуудал гэхээр хүмүүс шууд л солиорох шинжээр илэрдэг гэж ойлгодог нь өрөөсгөл ойлголт.
-Сошиол сүлжээнд сэтгэцийн солирох эмгэгтэй юм шиг хүмүүс олон байдаг. Энэ мэт хандлагатай хүмүүс хүмүүс нийгэмд олноороо бий болбол ямар хор уршигтай вэ?
-Цахим сүлжээн, олон хүнд танигдсан, сэтгэцийн хувьд эрүүл биш хэд хэдэн хүн байна. Энэ хүмүүсийн тавигдах онош өөр өөр л байгаа юм. Бүгдийг нь сэтгэцийн өвчтэй гэж байгаа боловч зарим нэг нь оюуны хөнгөн хомсдолтой буюу хийж байгаа зүйлийнхээ зөв бурууг шууд ойлгох боломжгүй хүмүүс байдаг. Сэтгэхүй нь биологийн наснаасаа хэт доогуур байхын дээр хэт их сэтгэл хөөрөлтэй байдаг. Ийм асуудалтай үед бол албадан эмчилдэггүй. Үнэхээр хүнд, догшролын байдалтай байгаа үед албадан хэвтүүлдэг. Өөрөөр хэлбэл оюуны хөнгөн хомсдолтой хүмүүс, нийгэмд амьдарч, дасан зохицоод явж болно.
СОЛИОРЛЫН ШИНЖТЭЙ ХҮМҮҮС БОДИТ АМЬДРАЛ, ТӨСӨӨЛӨЛ ХОЁРОО ЯЛГАХГҮЙ БОЛЧИХДОГ
Солиорлын шинж гэдэг нь буруу итгэл үнэмшил, буруу бодол санаа, буруу зүйлийг 100 хувь үнэн бодитой гээд ойлгочихсон тохиолдлыг хэлж байгаа юм. Энэ үед тухайн хүн бодитой биш хий зүйлийг харж, сонсож болно. Гол нь үүндээ 100 хувь итгэсэн байдаг. Хэн ч энэ итгэлд нь нөлөөлж чадахгүй. Хий хоосон зүйл нь чихэнд нь сонсогдоод яг бодитой хүн надтай яриад байгаа гээд итгэх асуудал гэсэн үг. Жишээ нь сансраас, өөр гаргаас надтай хүн ярьж байна. Энэ бол үнэн бодитой. Би үзэж хардаг, далд ухамсартай хүн гэж өөрөө итгэдэг. Үүнийг л солиорлын шинж гэж ойлгож болно. Дэмийрлийн шинж гэж бас бий. Энэ нь агуу ихийн дэмийрэл буюу бусдаас илүү чадвартай, хүчтэй, далдын чадвартай, хүний бодлыг уншиж чаддаг гээд мөн л өөртөө 100 хувь итгэсэн байх нь элбэг. Ийм хүн ямар ч ятгалга, сэнхрүүлэгт автдаггүй. Зөвхөн эмийн эмчилгээгээр засардаг гэж ойлгож болно. Бодит амьдрал, солиорол хоёрыг ялгахгүй болчихдог байх нь. Тэгэхээр ямар нэгэн сэтгэл зүйн талаас нийгэмд хор хохиролтой үйлдэл хийх эрсдэлтэй гэсэн үг. Энэ тохиолдолд эмнэлэгт хэвтүүлчихвэл 14 хоногийн дотор солиорлын шинж нь бүрэн дарагдах боломжтой.
-Дарханд сая хүүхэд хулгайлахыг завдсан асуудал гарлаа. Энэ нь сэтгэцийн өөрчлөлттэй хүн байсан гэж харж байна уу?
-Тийм. Миний хувьд тухайн асуудлыг гаргасан эмэгтэйг сэтгэцийн өөрчлөлттэй хүн байна уу гэж харсан. Өөрийнхөө үйлдэл, үгийн зөв бурууг хянаж чадахгүй байгаагийн жишээ юм. Эдгээр хүмүүсийн гаргасан үйлдэл, үг хэлийг үзэж харсан хүмүүсийн стрессийн түвшин мөн нэмэгдэж байгаа.Мөн сэтгэл түгших эмгэгийг бий болгох сөрөг нөлөөтэй. Яагаад гэхээр мэдээллийг хүлээн авч байгаа үзэгчид ар гэрийнхэн, өөрийнхөө үр хүүхдэд хэт их санаа зовж эхэлдэг гэсэн үг. Гэхдээ үндсэн сэтгэцийн эмгэг бол халдварлахгүй. Үндсэн сэтгэцийн өөрчлөлтийн 60-80 хувь нь генийн өөрчлөлттэй холбоотой асуудал.
ТУХАЙН ХҮНИЙ ЗАН ТӨЛВИЙГ ХАЧИН ГЭЖ ДҮГНЭХЭЭС ИЛҮҮ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ
-Хүссэн хүсээгүй бид сошиол сүлжээ ашиглана. Сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүстэй нүүр тулна. Энэ нөхцөлд яаж хандах ёстой юм бэ?
-Тухайн хүний зан төлөвийг хачин гэж дүгнэхээс илүү, энэ хүн өвдсөн, тархины үйл ажиллагаан нь асуудалтай, өөрөө өөрийгөө эмчилж, шүүж, зөв бурууг ялгаж чадахгүй учраас ийм хандлага гаргах нь аргагүй юм даа гэж хүлцэнгүй хүлээж авах хэрэгтэй. Түүнээс биш тэднийг муулаад, бах таваа хангаж, шоолж доромжлох нь хүний ёсноос гаж үзэгдэл юм.
-Таван хүн тутмын гурав нь сэтгэцийн өөрчлөлттэй гэх мэт тоон мэдээлэл их явах болсон. Энэ мэт үндэслэлгүй мэдээллээс үүдэлтэй бараг хүн бүр “би сэтгэцийн асуудалтай, сэтгэл гутралтай” гэж ярих нь ихсээд байх шиг анзаарагддаг. Та юу гэж бодож байна вэ?
-Сүүлийн үед сэтгэл зүйн талаар олны танил хүмүүс, мэргэжлийн бус хүмүүс их ярьдаг болсон байна. Яг үнэндээ сэтгэл гуртал гэдэг үнэхээр хэцүү, аймар зүйл байдаг л даа. Нүүрээ угаах, хувцсаа солих нь хүртэл маш төвөгтэй санагддаг. Амьдрал үнэ цэнгүй болсон мэт мэдрэгддэг. Хүн амд их ховор тохиолддог зүйл юм. Гэтэл хүмүүс амьдралд тулгамдсан ажлын, хувийн, гэр бүлийн асуудлаас болоод хямарч байгаагаа хэт их мэдээллээс болж давуулан үнэлээд, сэтгэл гутралд орчихсон гэж яриад байдаг. Ингэж давуулж үнэлсэнээсээ болоод эм уух, ажлаа тааруу хийх, харилцаа хандлагын асуудалтай болох, өөрийгөө нийгмээс тусгаарлах зэрэг хариу урвал гаргадаг. Ердөө өөртөө итгүүлсэнээс болоод шүү дээ.
МАХРУУ, ШАРГУУ, ИХ ЗҮЙЛИЙГ АМЖУУЛДАГ ХҮМҮҮС МЭДРЭЛИЙН ЯДАРГААНД ӨРТӨХ НЬ БИЙ
-Стрессээс үүдсэн хямралын тухай судалгаа байдаг бол та мэдээлэл өгөөч?
-Ковидын дараа ДЭМБ-аас олон улсыг хамруулж сэтгэл зүйн эрүүл мэндийг үнэлсэн судалгаа байдаг юм. Энэ судалгаанд хүн амын дунд нийтлэг тулгамдаад байгаа зургаан сэтгэл санааны асуудлыг дурдсан.
Мэдрэлийн ядаргаа, нойргүдэл, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал нь үндсэн сэтгэцийн өвчин гэхээс илүү стрессээс үүдэлтэй, хэнд ч үүсэж болохоор асуудлууд байгаа юм. Монголд цөөн хүнийг хамруулж судалгаа хийсэн. Үр дүн нь 20-оос дээш насны эмэгтэйчүүдийн 70-80 хувь нь мэдрэлийн ядаргаатай гэж оношлогдсон байдаг. Мэдрэлийн ядаргаанд ихэнхдээ махруу, шаргуу, их зүйлийг амжуулдаг хүмүүс өртөх нь бий.
-Нийгэмд амьдарч байгаа хүмүүс хямрахгүй, стресстэхгүй байна гэж байх уу?
-Стресстэй нүүр тулдаггүй хүн гэж хэзээ ч байхгүй. Бид амьд байгаа хугацаандаа янз бүрийн асуудалтай нүүр тулна. Өдөр тутамд тулгамдаж байгаа асуудлаа туулах хүчтэй л байхыг зөвлөнө.