Монгол улсын ардын багш, шинжлэх ухааны доктор, профессор Цэдэвийн Өнөрбаяны “Монгол хэл бичгийн судлал, сургалт” нэртэй эрдэм шинжилгээний өгүүллийн эмхтгэл бүтээл МУБИС-ийн “Профессорын эрдмийн чуулган” цувралын 6 дугаар боть хэвлэгдэн гарлаа.
Монгол хэл шинжлэлийн нэртэй эрдэмтэн, үг зүй судлаач Ц. Өнөрбаяны 50 гаруй жилийн туршид туурвисан судалгааны шинжилгээний бүтээлээс түүвэрлэн, 70 гаруй өгүүллийг нь сонгон, энэ удаагийн цувралаар хэвлүүлж байгаа ажээ.
Эдгээр өгүүллийн ихэнх нь монгол хэлний үгийн бүтэц, хэл зүйн хэлбэрийн тухай өгүүллүүд байгаагаас гадна хэл шинжлэлийн онол, үсэг бичгийн судлал, үгсийн сан, монгол судлалын түүх, заах аргын холбогдолтой бүтээлүүд байна.
Бүхэл бүтэн 50 гаруй жилийн хугацаанд дотоод, гадаадын олон ном сэтгүүлд хэвлэгдсэн бүтээлүүдийг нэгэн дор цуглуулж, уншигч олны хүртээл болгож байгаа нь нэн сайшаалтай юм.
Ц. Өнөрбаян нь монгол хэлний үг зүйн судлалаар дагнан мэргэшиж, энэ чиглэлээр олон жил хичээл заасны зэрэгцээ түүний 1994 онд хэвлүүлсэн “Орчин цагийн монгол хэлний үг зүй” хэмээх ганц сэдэвт томоохон бүтээл нь олон жилийн туршид их, дээд сургуулийн үг зүйн судалгааны гол гарын авлага, сурах бичиг болсоор иржээ.
Мөн Ц. Өнөрбаяны “Орчин цагийн монгол хэлний үйл үг бүтэх ёс” гэсэн бүтээл нь урьд өмнө гарсан бүтээлүүдээс илүү дэлгэрэнгүй, харьцангуй бүрэн шинжтэй судалгааны бүтээл болсноороо мэргэжлийн түвшинд өндрөөр үнэлэгддэг.