БНСУ сүүлийн 10 жилийн хамгийн том цэргийн парадаа нийслэл хотдоо хийлээ. Энэхүү парад БНАСАУ-тай харилцаа “маш муу” байгаа үед тохиож байна гэдгийг хэвлэлүүд нэн тэргүүнд онцолж байна. БНСУ-ын Зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 75 жилийн ойн арга хэмжээнд зориулан хийгдсэн уг парадын хүрээнд Сөүл хотын томоохон гудамжуудыг бүтэн өдрийн турш хаасан.
Ойролцоогоор 3700 явган цэрэг, 170 хүнд их бууны анги, түүний дотор К2 танк хоёр чиглэлд хуваагдан Сөүл хотын төвд жагсаал хийсэн байна. Тодруулбал, нийслэлийн худалдаа, бизнесийн гол дүүргээр дамжин өнгөрөх уг жагсаал нь 2 км үргэлжилсэн. Нийслэл хотын захад орших Соннам дахь агаарын баазад тус улсын ерөнхийлөгч Юн Сук Ёл үг хэлсэн ба БНАСАУ цөмийн зэвсэг хэрэглэсэн тохиолдолд "зохих хатуу хариу арга хэмжээ авна" гэж анхааруулж, БНАСАУ-ын дэглэмийг эцэс болгоно гэсэн юм. Мягмар гарагийн жагсаалд “Хюнму” пуужингууд, “L-SAM” пуужин сөнөөгч төхөөрөмж, “F-35” тийрэлтэт онгоцууд болон тус улсын анхны дотооддоо бүтээсэн сөнөөгч онгоц болох “KF-21”-ийг олон нийтэд харуулна. “Хюнму” бол БНСУ-ын хамгийн сүүлийн үеийн пуужингийн нэг бөгөөд шинжээчдийн үзэж байгаагаар энэ зэвсэг нь болзошгүй мөргөлдөөний үеэр БНАСАУ-д цохилт өгөх БНСУ-ын төлөвлөгөөний салшгүй хэсэг аж. Харин “L-SAM” нь 50-60 км өндөрт ирж буй пуужингуудыг харвах зориулалттай юм байна. Парадын үеэр АНУ-ын цэргүүд мөн оролцсон ба Зүүн Хойд Азийн бүс нутаг аюулгүй байдлын сорилттой тулж буй энэ цаг үед БНСУ өөрсдийнхөө “хүч”-ийг харуулах оролдлого байлаа гэж шинжээчид дүгнэж байна.
Эх сурвалж: Korea herald