Сонгинохайрхан дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл, дүүргийн Онцгой байдлын газар, "Улаан загалмай" хороо хамтран "Өсвөрийн аврагч 2023” тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 19 сургуулийн ахлах ангийн 200 гаруй сурагч өрсөлдлөө. Тэд анхны тусламж үзүүлэх, саадыг давах, усанд осолдсон хүн аврах гэх мэт сорилттой даалгавруудыг гүйцэтгэж өрсөлдсөн юм. Тэмцээнийг зохион байгуулснаар сурагчид болзошгүй гамшиг, ослын үед өөрийгөө бусдыг авран хамгаалах суурь ур чадварт суралцаж байна. Үүнээс:
-Тэргүүн байр- Ерөнхий боловсролын 65 дугаар сургууль
– Дэд байр- 105 дугаар сургууль
– Гуравдугаар байр- Ирээдүй цогцолбор сургууль
-Тусгай байр – 67 дугаар сургууль тус тус шалгарлаа.
Тэмцээний даалгавруудын ач холбогдлын талаар Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Должинсүрэнгээс тодрууллаа. Тэрээр “Сурагчид тэмцээний үеэр үндсэн зургаан даалгаврыг гүйцэтгэж байна. Энэ хэрээрээ гамшиг, ослоос өөрийгөө сэргийлэх ур чадварт суралцлаа. Гэрийн даалгавар, жагсаалын үзлэгтэйгээ нийлээд найман даалгаврыг гүйцэтгэсэн юм. Эхний даалгавраар сурагчдын гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг нь шалгаж байна. Энэ даалгавраар “Үерийн үед яах вэ, газар хөдлөлтийн үед ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ” гэх асуултуудыг сурагчдаас асууна. Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуульд ямар заалт туссан талаарх мэдлэгээ шалгуулна.
Бас нэгэн чухал даалгавар нь усанд осолдогчийг аврах даалгавар. Урин дулааны цагт усанд осолдсон хүнийг аврах, өөрийгөө болон бусдыг хамгаалахад анхан шатны мэдлэгийг эзэмшсэн байх нь маш чухал. Түүнчлэн, галаас аврах, саадыг давах, гал түймэр унтраах зэрэг олон даалгаврыг гүйцэтгэж байна. Жишээлбэл, галыг 1 минутын дотор унтрааж чадаагүй тохиолдолд гал тархсан гэж үздэг. Тийм учраас даалгавар бүрийг хэр хурдан хугацаанд гүйцэтгэж байгаа вэ гэдэг нь хамгийн чухал. Хамгийн богино цагт даалгавраа гүйцэтгэж чадсан нь ялагч болж байгаа гэж ойлгож болно. Сурагчид болзошгүй, гамшиг, ослоос өөрийгөө болон бусдыг хамгаалах чадвартай болсон нь тэмцээний хамгийн гол ач холбогдол юм” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.