НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд ОХУ-ын гадаад хэргийн сайд С.Лавров оролцож буй. Тэрбээр энэ үеэрээ барууны орнуудыг “худал хуурмагаар дүүрэн” гэж тодорхойлжээ.
Түүний хэлснээр барууны орнууд дэлхийн өмнөд хэсгийн орнуудад неоколоничлолын сэтгэлгээг баримталж, Украины дайнд өөрсөддөө ашигтай байдлаар ашиглаж байна гэж буруутгасан байна. НҮБ-ын индэр дээрээс маш олон орнууд Украины талд зогсож буйгаа илэрхийлж байгаа ба С.Лавров дэлхийн ихэнх орнууд баруунд хууртагдаж байна гэсэн юм. Тэрбээр мөн хэвлэлийн бага хурлын үеэр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн дэвшүүлсэн 10 зүйл бүхий санал, түүнчлэн Хар тэнгисийн үр тарианы санаачилгыг сэргээх НҮБ-ын хамгийн сүүлийн үеийн саналыг хэрэгжихгүй гэсэн. Тодруулбал, Украины дэвшүүлсэн энх тайвны төлөвлөгөөний талаар "Энэ нь хэрэгжих бүрэн боломжгүй" хэмээгээд “Уг төлөвлөгөө нь бодитой биш бөгөөд хүн бүр үүнийг мэдэж байгаа, гэвч тэд үүнийг хэлэлцээр хийх цорын ганц үндэс суурь гэж харж байна” гэжээ.
Мөн барууныхан Орост тавьсан хориг арга хэмжээг цуцлах, олон улсын SWIFT системд дахин холбох зэрэг ОХУ-д амласан амлалтаа биелүүлээгүй тул НҮБ-ын санал ч тэдэнд хамаагүй гэсэн байна.
SOURCE: ALJAZEERA