БНСУ-д сүүлийн есөн долоо хоногийн турш багш нар тэмцэл өрнүүлэн ажил хаялт зарлаж, эцэг эхчүүдээс ирэх дарамт шахалтыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж эхэлсэн. Тодруулбал, он гарснаас хойш эцэг эхчүүдийн дарамтаас болж залуухан багш нар амиа хорлосон хэд хэдэн тохиолдол тус улсад бүртгэгдсэн юм. Зарим эцэг эх багш нарыг хүүхдийг нь хүчирхийлсэн гэж мэдүүлж ажлаас нь зориуд “халдаг” тухай багш нар хэлж байв. Учир нь 2014 онд батлагдсан Хүүхдийн халамжийн тухай хуульд “Багш хүүхдийг хүчирхийлсэн шинжтэй хэрэгт холбогдвол ажлаасаа шууд халагдана” гэж заасан байдаг аж. Улмаар БНСУ-ын хууль тогтоогчид багш нарыг болзошгүй дарамтаас хамгаалах шинэ хууль баталсан байна. Шинэ хуулийн дагуу хүүхэд хүчирхийлсэн хэрэгтэй тухайн багш холбогдвол, уг хэрэгт заавал хяналт шалгалт хийж, нотолгоо байх ёстой болжээ. Мөн шүүхээр явж буй багш нарт санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болж байгаа ба энэ тохиолдолд эрхлэгч нарт багш нараа хамгаалах хариуцлага илүү ирж байна. Зунаас хойш эхэлсэн багш нарын жагсаалд оролцож буй багш нар эцэг эхийн дарамт “хэрээс хэтэрч”, ажлаа хийх боломжгүй болсны дээр хүүхдүүдийг нь ч сургахад хэцүү болсныг хэлж байв. БНСУ-ын багш нарын холбоо шинэ хуулийг сайшааж, багшлах эрх хийгээд сурах эрхийг хамгаална гэдгээ мэдэгдлээ.
SOURCE: BBC