НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы хүрээнд 9 дүгээр сарын 20-ны өдөр Феминист Гадаад бодлого+ бүлгийн Сайд нарын уулзалт болов.
Уг арга хэмжээнд феминист гадаад бодлого баримталдаг болон дэмжигч Герман, Испани, Мексик, Монгол, Нидерланд, Руанда, Чили, Франц, Канад, Мексик, Бельги, Колумб, Аргентин зэрэг улсын Гадаад хэргийн сайд нар оролцож, тус тусын гадаад бодлого, феминист гадаад бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, сорилт ба боломж, ирээдүйн зорилго, чиглэлийн талаар ярилцав.
Хуралд оролцогчид өнгөрсөн 6 дугаар сард Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар Улаанбаатар хотноо зохион байгуулсан Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын хурлын дүнг сайшаав.
Сайд нарын уулзалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Орлогч Амина Мохаммед, НҮБ-Эмэгтэйчүүд байгууллагын Гүйцэтгэх захирал Сима Бахус, мөн иргэний нийгмийн нэртэй зүтгэлтнүүд, судлаачид оролцож үг хэлэв.
Арга хэмжээнээс гишүүн улсууд феминист гадаад бодлогын зарчмуудыг баримтлах талаарх хүсэл зоригоо илэрхийлсэн товч Тунхаглал гаргав.
Дашрамд дурдахад Шведийн Гадаад хэргийн сайдын санаачилгаар 2022 оны 1 дүгээр сард байгуулсан “Феминист гадаад бодлого+” бүлэг нь өнөөгийн байдлаар 19 гишүүнтэй ба Монгол Улс энэ онд уг бүлэгт гишүүнээр нэгдсэн.