Ирэх өвөл Улаанбаатар хотын утааг бууруулахын тулд БНХАУ-аас 177,5 тэрбум төгрөгөөр хагас кокс, асаагч худалдаж авах саналыг Засгийн газар гаргаж, НИТХ-ээр батлуулсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж буй. Ийм их хэмжээний мөнгийг үргүй зарцуулахын оронд хэрэгтэй бүтээн байгуулалтад зарцуул хэмээн олон нийт эсэргүүцэж байна. Нөгөө талдаа иргэдийнхээ эрүүл мэндийг Хятадаас оруулж ирсэн түлшний туршилтад оруулж золиослох гэж байна гэдэг асуудал чухлаар хөндөгдөж байна. Тэгвэл өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар түлшний туршилт хийх айлуудын хүрээллийг басгаснаа зарлав. Ингэхдээ Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Нисэх, Яармагийн орчим, Налайх дүүрэг болон Дархан-Уул аймгийн гэр хорооллын 26,825 айл өрхөд энэ оны арванхоёрдугаар сарын 15-наас хагас коксон шахмал түлшийг туршиж үзэхээр шийдвэрлэжээ. Энэ гурван байршлын айл өрхүүдийг 24500 тонн хагас коксон шахмал түлшээр хангахад нийт 32 тэрбум төгрөг зарцуулахаар болсон байна.
Өөрөөр хэлбэл, мөнгөн дүнг нь л багасгасан болохоос биш Засгийн газар иргэдээ түлшний туршилтанд оруулах шийдвэрээ цуцалсангүй. Б.Чойжилсүрэнгийн гаргасан 177,5 тэрбумын төсөв явсаар 32 тэрбум төгрөг болж батлагдлаа. “Б.Чойжилсүрэнгийн бодлогогүй алдааг Засгийн газар цуцалжээ” гэх агуулгатай мэдээлэл өчигдрөөс хойш цахим орчинд хөвөрч байна. Гэтэл үнэндээ тийм биш гэдэг нь эндээс харагдана. Бүхэл бүтэн 26 мянган өрхийн иргэдээ туршилтанд оруулж, 32 цэцэрлэг барих мөнгийг хагас кокс худалдаж авахад зарцуулах болоод байна.
Б.ЧОЙЖИЛСҮРЭН ҮНДЭСЛЭЛЭЭ ЮУ ГЭЖ ТАЙЛБАРЛАСАН БЭ?
Өчигдөр Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах, технологийн шинэчлэл хийх талаар хийсэн судалгаа, шинжилгээ, тооцооллын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах зорилгоор түлшний туршилт хийжээ. Хагас коксон түлшний техникийн үзүүлэлт, утаанд агуулагдах хорт хийн хэмжээг мидлингээр үйлдвэрлэсэн түлштэй харьцуулахад дэгдэмхий 51.9 хувь, хүхэр 57.7 хувь, үнслэг 37.2 хувиар тус тус бага байсан гэж тайлбарлав. Мөн хаягдал утаанд агуулагдах тоосонцрын хэмжээ 72.6 хувь хүхэрлэг хийн хэмжээ 85.5 хувь, угаарын хийн хэмжээ 10.8 хувь, азотын исэл 23.5 хувиар ар тус тус буурсан үр дүн гарлаа гэж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн үндэслэлээ тайлбарласан юм.
32 ЦЭЦЭРЛЭГ БАРИХ МӨНГӨӨР “НААДАХАР БОЛЛОО”
Өнөөдөр орон сууцны ипотекийн зээл санхүүжилтгүйн улмаас зогсоод байна. Нэмэлт 200 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа ч Засгийн газар “Төсвийг үр ашигтай зарцуулна” хэмээн тайлбар тавьж, баталж өгөхөөс татгалзсаар ирсэн юм. Гэтэл тэд 32 тэрбум төгрөгийг БНХАУ-аас түлш, асаагч худалдаж авахад зарцуулахаар хүч түрэн шийдвэрлэж байна. Энэ бол 32 цэцэрлэг барьчих хэмжээний мөнгө. Эндээс харвал түлшний асуудал нь хэн нэгний ашиг сонирхол, мөнгө угаалт байхыг үгүйсгэхгүй.
Үнэхээр авахдаа хүрвэл Тендерийн тухай хуулиараа ч Засгийн газар түлшээ хаанаас авахаа сонгон шалгаруулалтаар шийдэх ёстой. Гэвч “БНХАУ-аас тийм хэмжээтэй түлш авна” шууд шийдэж байгаа нь үүний цаана Б.Чойжилсүрэнгийн аль эсвэл, өөр хэн нэгний далд ашиг сонирхол, мөнгө угаалт явж байхыг ч үгүйсгэхгүй юм.