Монголын Органик, ногоон хүнсний холбоо ТББ-аас зохион байгуулж буй “ВЕГАН ФЕСТИВАЛЬ 2023” өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.
Тодруулбал, дэлхийн дулаарал, амьтны эрх, уур амьсгалын өөрчлөлт, хоол боловсруулах эрхтний өвчлөл, эрүүл зөв хооллох, цаашлаад хүн төрөлхтний байгалийн ухаалаг хэрэглээг хэвшүүлэх, хог хаягдлыг бууруулах зэрэг тулгамдсан асуудлын шийдлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр олон талт байдлаар олон нийтэд танилцуулж байна.
Монголын Органик, ногоон хүнсний холбоо ТББ-ийн тэргүүн Ө.Мөнхбаяр хэлэхдээ “Веган фестиваль хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Өмнөх жил 24 байгууллага оролцсон бол энэ жил веган чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй байгууллагууд оролцож байна. Веган хэв маягт хоол, гоо сайхны тухайд цэвэр ургамлын гарлаар бэлтгэсэн бүтээгдэхүүнүүд байдаг. Мөн органик газар тариалан, байгаль орчин, эрүүл мэндийн байгууллагууд оролцож байна.
Монгол хүмүүсийн нас барах шалтгаанд нь хорт хавдар, зүрх судас, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчнүүд тэргүүлж байна. Тиймээс эрүүл мэндийн шийдэл нь ургамалд суурилсан хоолыг эмч нар санал болгодог. Мөн амьтны эрх , амьтан дээр хийж байгаа туршилт дээр хамгийн зөв шийдэл веган сонголт юм. Тиймээс энэ жил “Веган бол шийдэл” уриан доор зохион байгууллаа” гэв.
АУ-ны магистр, зүрх судасны эмч Ө. Цэндхүү “Олон улсын эрдэмтэд ургамлын гаралтай хоол хүнс нь хүний эрүүл мэндэд сайн гэдгийг судлаад 20,30 жилийн өмнөөс баталсан байдаг. Анагаах ухаан хөгжсөн хэдий ч хүмүүс хорт хавдар, зүрх судасны өвчин тусах тоо багасахгүй байна. Тиймээс бид эм ууж аргацаах бус зөв хооллолт, эрүүл амьдралын хэв маягт хэвших хэрэгтэй байна. Тиймээс манай эмч нарын баг энд Веган шийдлийн талаар танилцуулгыг хийж байна”
Тайвань улсын иргэн “Энэхүү арга хэмжээнд зориулж Тайваны веган үндэсний хоолыг хийж үйлчилж байна. Bublle tea, аниастай кейк, мөн дөрвөн төрлийн хоолыг монголчуудад зориулж хийсэн” гэлээ.
Иргэн Цэвээнсүрэн “Энэ фестивальд өмнөх жил ирэхээр төлөвлөж байсан боловч амжаагүй сая зорьж ирлээ. Веган хоолыг 14 жил хэрэглэж байна. Энэ хугацаанд хөгшрөлт явагдахгүй, эрүүл болж байгаа нь мэдэгдэж байгаа. Өөртөө дүгнэлт хийгээд ураг, эрдэсийг хянаад явж байхад илүү залуу, хөнгөн болж байна” гэлээ.
Энэ жилийн фестиваль шинэлэг урлагийн тоглолт, дуучид, шагналтай хөгжөөнт тоглоом, сонирхолтой зочид гээд шинэлэг хөтөлбөртэй боллоо.