Богд уул орчимд зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар газар олгох хуультай. Гэтэл баячууд орон сууцны өндөр барилга барьж буйг “ТАНА” эвслийн зохицуулагч Б.Баярмаа сануулж байна. Тэрбээр “Дархан цаазат газар бол улсын тусгай хамгаалалттай газар нутаг. Энэ бүсэд аялал жуулчлалын зориулалтаар л газар олгодог. Түүнээс биш, орон сууцны өндөр барилгууд барьчихаад л худалдаад байж болохгүй. Хуулиараа хориотой. Энд Онцгой хамгаалалтын бүс гэж бий. Тэр бүсэд нь барилга барих битгий хэл судалгаа шинжилгээний зориулалтаар л ашиглах зохицуулалттай. Ингэхдээ тухайн бүсийн унаган төрхийг өөрчлөхгүйгээр жижиг кэмпээ барих дэглэмтэй. Гэтэл үе үеийн байгаль орчны сайдууд түүний хүмүүс тусгай хамгаалалттай газрыг зараад сууж байдаг.
Богд уулын бүс ам зарагдаад хашаалагдчихсан. Жирийн иргэд агаар салхинд гарах гэхээр гарч чадахгүй болтол нь хашааллаа шүү дээ. Энэ бол бас л том хуулийн зөрчил. Тусгай хамгаалалттай газар нутгийн хуульд хориотой. Аялал жуулчлалын зориулалтаар газар авчихаад орон сууцны өндөр барилгууд болгоод зараад байна шүү дээ.
Гаднаас судлаачид ирээд манай Богд уулын тусгай хамгаалалттай газрыг хараад гайхдаг. Энэ чинь тусгай хамгаалалттай газар биш байна шүү дээ гэдэг. Манай Хөвсгөлд ч гэсэн очоод Тусгай хамгаалалттай газартаа хүрсэн үү гэж асуугаад байдаг. Энэ дотор нь яваад байна гэхээр гайхна. Тусгай хамгаалалттай газар гэдэг нь байгалийн хамгийн үнэ цэнтэй газруудыг ашиглахгүй, хамгаалахыг хэлдэг. Ирээдүйд үүнийг хамгаалж, аж ахуйн үйл ажиллагаа явуулахгүй гэж тусгайлан хамгаалалтад авсан газар байхгүй юу. Гэтэл тэр газрыг ашиглаад явчихсан. Эрх мэдэлтэй хүмүүс нь хуулийг ноцтой зөрчиж байна” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.