Туул голын онцгой хамгаалалтын бүс буюу голын эргээс 50 метрийн дотор барилга барих хориотой. Гэсэн ч Шадар сайд С.Амарсайханы хамаарал бүхий “Зүүн баян рефайнери” компани Туул голын хөвөөнд үйлчилгээний зориулалттай барилгаа босгоод гурван жил өнгөрлөө.
Хэдийгээр одоогоор үйл ажиллагааг нь зогсоогоод буй ч бургаж хядаж босгосон барилга Туул голын эрэг дээр дүнхийсэн хэвээр л байна. Тус компани хууль бусаар энэ барилгыг босгохдоо Туул голын 5,6 га талбайн бургасыг устгасан. Нийт 14 мянган бургасыг хядсан гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Экологийн хохирлын үнэлгээ нь 9,6 тэрбум төгрөгт хүрснийг БОАЖЯ-наас тогтоосон юм.
Голын онцгой хамгаалалтын бүсэд барилга барьж болно гээд БОАЖ-ын хоёр ч сайд зөвшөөрөл өгсөн байдаг. Эхнийх нь Д.Оюунхорол, дараагийн сайд нь Д.Сарангэрэл. Өөрөөр хэлбэл, үе үеийн Байгаль орчны сайдууд С.Амарсайханы хамаарал бүхий хууль бус үйлдлүүдийг өөгшүүлж, Нийслэлийн ундны усны эх үүсвэрийг сүйдэлж ирснийг эндээс харж болно. Голын хамгаалалтын бүсэд тулгаад барилга барьчихсан энэ мэт хууль бус үйлдлүүд олон байна.
Ийм ноцтой асуудал үүсчихсэн байхад, Шадар сайд нь хуулиа уландаа гишгэсэн байхад бид бургас С.Амарсайхан гэдэг хоч өгөөд л өнгөрөх үү? Мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн гарт Туул гол сүйдэж байгаа асуудлыг хэн хэзээ цэгцлэх вэ? Хуулийнхан хэзээ шийдвэрээ гаргах вэ? С.Амарсайхан Туул голоор зогсохгүй Зайсан толгойг бүхэлд нь “эзэлсэн”. Энд түүний Зайсан Хилл цогцолбор, харин замын хойд талд нь Зайсан square гэсэн төв бий. Товчхондоо Туул голыг ч, Богд уулыг ч мөнгөтэй улстөрчид сүйдэлж, экологийн тэнцвэрийг нь алдагдуулж байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.