Төрийн машинаар хувийн ажлаа гүйцэтгэх, дураараа сэлгүүцдэг, ашигладаг байдлыг зогсоох зорилготойгоор төрийн машины дугаарын өнгийг өөрчилж, олон нийтэд нээлттэй болгох талаар Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээллээ.
Ингэснээр Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулна гэсэн юм.
Тэрээр “Өнөөдөр манай улсын хэмжээнд 14 мянган төрийн машин бий. Улсын хэмжээнд 1700 төрийн болон орон нутгийн өмчит компани бүртгэлтэй байна. Үүнээс суудлын болон ачааны машин, технологийн зориулалттай болон нийтийн тээвэр, автобусны дугаарын өнгийг солихгүй. Замын хөдөлгөөнд оролцдог, түгжрэл бий болгоход хувь нэмэр болдог төрийн машинуудын дугаарын өнгийг сольё.
Үүнд:
- 5300 орчим суудлын машин
- 2100 орчим ачааны машин байна.
Зам тээврийн хөгжлийн яаманд 1200 орчим машин бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаг. Үүнийг аль болох богино хугацаанд, хямд зардлаар солиулах ажлыг хийж, хэрэгжүүлнэ.
Манай улсад 40 гаруй дугаарын үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг. Зам тээврийн яамны 1200 машины дугаарыг богино хугацаанд, хямд үнээр сольж өгөх газар байвал даваа гарагт саналаа өгөөрэй.
Монгол Улсад 1.4 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Энэ жил улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн үзлэг, тооллогыг анх удаа явуулж, 204,000 гаруй машиныг бүртгэлээс хассан. Ингэснээр 1.2 сая машинтай болсон. Эдгээр машины улсын дугаарын өнгийг солихгүй.
Зөвхөн төрийн байгууллагын 8,000 орчим машины улсын дугаарыг цэнхэр өнгийн дэвсгэртэй болно. Үүнд орон нутагт байгаа төрийн байгууллагын машин хамрагдана.
- Нийт иргэдийн автомашин, мотоцикл, чиргүүлийн улсын дугаар цагаан өнгийн дэвсгэртэй байгаа.
- Дипломат албаны 487 гаруй машин улаан өнгийн улсын дугаартай.
- Уул уурхайн 72,000 машин механизмын улсын дугаар хар өнгөтэй.
- Улсын хэмжээнд 600 орчим эко буюу цахилгаан машины улсын дугаар ногоон өнгөтэй байна.
- Нийтийн тээврийн 1,560 орчим автобус, 250 орчим такси шар өнгийн дэвсгэртэй улсын дугаартай.
Ногоон, шар дэвсгэртэй улсын дугаартай тээврийн хэрэгслүүд замын нэгдүгээр эгнээгээр зорчих эрхтэй.
Дарга нь ажлаа хийгээд сууж байхад жолооч нь эхнэр, хүүхдийг нь зөөгөөд өдөржин хувийн ажлаа бүтээгээд явж байдаг. Төрийн машин цэнхэр дугаартай болсноор өдөржин сургууль, цэцэрлэг рүү хүүхэд зөөж, дэлгүүр хэсэж, орой үдэш баар, рестораны үүдээр зугаалах цагийг багасгавал машины хөдөлгөөн багасна. Олон машины хөдөлгөөн багасах хэрээр түгжрэл буурна” гэсэн юм.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү.