Татар хамтлаг 20 жилийн ойн тоглолтын талаар хамтлагийн гишүүд болон зохион байгуулагчид мэдээлэл өглөө.
Татар хамтлагийн 20 жилийн ойд зориулсан тоглолт энэ сарын 19-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байна. Тоглолтод Татар хамтлагаас гадна 20 жилийн өмнө уран бүтээлүүд нь хит болж байсан болон олон жил завсарласан хамтлаг дуучид оролцохоор болсон байна. Түүнчлэн залуу үеийн төлөөлөл болох Ginjin, Mrs M, Roockie, Young Mo'G, Маралжингоо, Мишээл болон өвөрмонгол дуучин Сүмэнхуар оролцож уран бүтээлээ толилуулахаар болжээ.
Хамтлагийн гишүүн Ч.Жаргалсайхан хэлэхдээ “Бид Татар хамтлагийнхаа 20 жилийн ойд зориулж NFT гаргасан. Тус NFT-г эзэмшигчдэд тоглолтын VIP суудал олгох, зургаахан ширхэг гарсан алтан пянзны нэгийн эзэн болох, тайзан дээр хамт гарах зэрэг эрхийг өгч байгаа. 20 жилийн хугацаанд Татар гэдэг байшингийн тоосгыг барилцсан бүх хүнд маш их баярлалаа. Энэ удаагийн тоглолт тэр чигтээ төрсөн өдрийн баяр байх болно" гэлээ.
"Бороо" тоглолтын продюсер С.Ононбат хэлэхдээ “Татар хамтлагийн 20 жилийн хит дуунуудаас бүрдсэн тоглолт болно. Миний хувьд тоглолтын нэрийг дургүйхэн хүлээж авсан хэдий ч "Бороо" дуу хит уран бүтээл байсан учраас ингэж нэрлэсэн. Тоглолтод авьяаслаг бүжигчид, шилдэг дижи нар оролцоно. Нийт гурван цаг үргэлжилнэ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үүд 17.00 цагаас эхэлж нээнэ. Бусад хип хоп тоглолтуудаас онцлог олон DJ тоглохоор ажиллаж байна” гэв.
Мөн Б.Чингүүн хэлэхдээ Татар хамтлагийн үүх түүхээс гадна тэр үеийн нийгмийг харуулсан намтарчилсан есөн ангитай уран сайхны хийхээр болсон. Киноны эхний гурван ангид хамтлагийн гишүүдийн бага насны тухай гарах бөгөөд Татар хамтлагийн үүх түүхээс гадна тэр үеийн нийгмийг харуулсан кино болно. Одоогийн байдлаар дүрүүдээ шалгаруулаад байгаа бөгөөд зохиол дээрээ ажиллаж байна.
Төв цэнгэлдэхийн хаалга 17:00 цагт нээгдэх бөгөөд үзэгч бүрд буюу нийт 25,000 гэрэлтдэг бугуйвч, С витаминтай уух зүйл өгөхөөр бэлджээ. Татар хамтлагийн хувьд тоглолтдоо зориулж өөрсдийн 27 дуугаа бэлдсэн бөгөөд 21:00 цагаас эхэлж дуулах бол тоглолт 18:00 цагаас эхэлнэ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.