Натурын гүүрний хажууд барьж буй барилгын үйл ажиллагааг зогсоосон шалтгааны талаар Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга мэдээлэл өглөө. Харин тухайн барилгын компанийн улирдлагууд "Үерийн үеэр ус сорох помпоо өгөөгүйн улмаас хотын даргын занаанд өртөж, ажлаа зогсоолголоо" хэмээн цахим орчинд мэдэгдээд байгаа юм.
Тэрбээр “Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Энхтуяа нарын гурван иргэн өөрсдийн өмчлөлийн газар болох 1685 ам метр талбайд холимог ашиглалттай үйлчилгээний барилга барихаар зөвшөөрөл хүссэний дагуу барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг батлагдсан байдаг.
Тодруулбал, тухайн газрынхаа 842 ам метр талбай буюу 50 хувьд нь барилгын ажлын зөвшөөрлийн бичиг авсан. Харин долоодугаар сард болсон үерийн үеэр тухайн байршилд барилгын суурь ухсан байдалтай байсан нь аюулгүй байдлыг хангахгүйд хүрэн, холбогдох байгууллагуудаас шаардлага хүргүүлсэн юм. Үүний дараа наймдугаар сарын 3-нд тухайн байршлын ойролцоо Дамдинсүрэнгийн гудамжинд цууралт үүсэж, аюултай нөхцөл байдал үүссэн талаарх мэдээлэл ирсэн. Энэ дагуу тухайн байгууллагад шаардах хуудас өгч, барилгын ажлыг зогсоосон юм. Мөн одоогоор мэргэжлийн байгууллагуудаас дүгнэлт гаргаж буй. Түүнчлэн Хот байгуулалт, хөгжлийн газраас наймдугаар сарын 9-нд тухайн иргэдэд сонсох ажиллагааны албан бичгийг хүргүүлсэн. Хариу тайлбар авах хугацаа наймдугаар сарын 21-нд дуусна.
2022-2023 онд нийслэлийн хэмжээнд нийт 1483 иргэн, хуулийн этгээдэд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон. Одоогоор нийт 372 байршилд 751 барилга байгууламжийн ажил өрнөж буй. Сүүлийн үед үер болсонтой холбоотойгоор барилгын ухсан нүхэнд ус нэвчин, цууралт үүсэх эрсдэл нэмэгдэж байгаа. Иймд иргэд, хуулийн этгээд барилгын ажил гүйцэтгэхдээ анхаарал болгоомжтой байж, стандартын дагуу аюулгүй байдлыг хангаж ажиллах нь зүйтэй байна” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.