Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг иргэд шаардаж, цахимаар гарын үсэг цуглуулж байна. Тэд шаардлагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлэх юм. Энэ асуудлаар бид иргэдийн байр суурийг хүргэж байна. Иргэд хэлэхдээ:
–Долоодугаар сарын эхээр үер болоход тодорхой хэмжээний бага ч гэсэн арга хэмжээ авч эсвэл онцгой байдлын хүмүүст анхааруулж хувцас хэрэгслээр нь хангаж хамтран ажилласан бол бас нэг өөр. Тэгж чадаагүй учраас одоо огцрох хэрэгтэй. Бидний байгаа байдал нэг тийм дорд. Чаддаг мэддэг инженерүүдэд ажлын даалгаж өгөх хэрэгтэй. Бөхөөр барилдаж байснаа хот удирдаад төлөвлөөд явна гэдэг байж болохгүй зүйл гэж хардаг.
-Хотыг хөгжүүлээд цэцэглүүлээд өгөх юм бол уу гэсэн, өнөөдөр хөгжил дэвшил болсон зүйл алга. Энэ Сүхбаатарын талбайг хар. Наадмын арга хэмжээ болоод өнгөрснөөс хойш бараг сарын хугацаа өнгөрлөө. Хог шороотойгоо зууралдсан гадаадын хүмүүст хамаг муугаа үзүүлж байна.
Сая үерийн улмаас хүний амь эрсдэж, эд хөрөнгөөрөө хохирлоо гэж байна. Бас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах талаар хийгдэж байгаа ажил байхгүй байна. Энэ иргэд зам хөндлөн гарч унаандаа сууж чадахгүй, ямар нэгэн үйлчилгээ авахад их хэцүү байна. Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй дүүтэй хүн. Бор зүрхээрээ л явж байна. Гарцаар гарахад ард түмэн туслаж л гаргаж байна. Тэрнээс төр засгаас өгч байгаа зүйл алга. Тиймээс хотын даргыг огцруулах нэг үндэслэл болно гэж үзэж байна.
–Хотын даргыг огцруулсан нь зөв. Анх удаа үер болоогүй. Долоодугаар сард болсон үерээс хойш бараг сарын дараа үер болсон. Ядаж үер болох үед мэргэжлийн хүмүүстэй хамтраад төсөв төлөвлөгөө гаргаад, хотын аль хэсэгт үер болох эрсдэлтэй байгааг судалж, далан барих урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломж байсан гэж харж байна.
–Улаанбаатар хотод болж байгаа асуудлыг зохицуулах ёстой хүн шүү дээ. Гэтэл үер усны аюул, утаа гээд асуудлууд байхад менежмент хийж зохицуулж чадахгүй байна. Хот төлөвлөлтөөр мэргэжсэн хүмүүст нь ажлаа өгөх хэрэгтэй. Өөр мэргэжилтэй хүн мөртлөө өөрийн эрх ашгийн төлөө энэ ажлыг хийж байна. Тиймээс огцруулах нь зөв.
–Яг одоогийн байдлаар бороо хур орсноос үүдэн замын эвдрэл их байна. Үүнийг засаж дорвитой хийж чадахгүй бол санаачлагаараа ажлаа өг. Ямар байгааг цонхоор харж биш бодитоор газар дээр нь очиж хардаг баймаар байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.
Л. Бүжээ