Үерийн улмаас орон гэргүй болсон иргэдийг Баянзүрх дүүргийн 21-р хороо 127-р сургуульд түр байрлуулж байна. Түр хоргодох байрны нөхцөл байдлыг тодруулан, Баянзүрх дүүргийн улаан загалмайн хорооны арга зүйч Соёлоотой ярилцлаа.
Тэрбээр, “Түр хоргодох байрыг улаан загалмайн хороо болон гэр бүл залуучуудын хөгжлийн хэлтсээс хариуцан ажиллаж байна. Түр хоргодох байранд ирж байгаа хүмүүст эхний ээлжинд мэргэжлийн сэтгэл зүйн болон нийгмийн сэтгэл зүйн мөн холбон зуучлах үйлчилгээг үзүүлж байна. Бид эхлээд энд байрлаж байгаа хүмүүсийнхээ хэрэгцээг судлаад яг юу хэрэгтэй байна, тэр хэрэгтэй зүйлээр нь хангаж байна. Жишээ нь, хооллох, хувцаслах, унтуулах зэрэг. Давхар хүүхдүүдийг илүү асарч халамжлах үүрэг гүйцэтгэж байна. Хамгийн анхны шөнө нэг цагийн орчим дуудлага ирээд хоёр хүүхэдтэй гэр бүл ирж хоносон. Маргааш нь 49 хүнд үйлчилгээ үзүүлсэн. Өчигдрийн байдлаар 12 хүн хоносон. Иргэд өдрийн цагаар ихэвчлэн байрлаад, орой нь хамаатны айлдаа хононо гээд явж байна.
Хүүхдүүдийн хувьд биеийн байдал сайн. Нэг хүүхэд усанд удаан байсны улмаас хоолой нь өвдсөн байдалтай байна. Зайлшгүй эмчийн хяналтанд байх ёстой насанд хүрсэн хүмүүсийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй нэг хүн, хоёр ахмад настан, нэг жирэмсэн эх байна.
Гэр бүл залуучуудын хөгжлийн хэлтсээс мэргэжлийн сэтгэл зүйч иргэдтэй тулж ажиллаж байгаа” гэлээ.
“Тухайн үед хүүгийнхээ амийг өөрийнхөө амьтай л аваад гаръя гэж бодсон”
Үерт гэрээ алдсан хохирогч: “Сэтгэл санаа, гэр орон гээд л хохирлын хэмжээ их байна. Би нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Үер болох үед хүүтэйгээ хоёулаа байсан. Энэ үйл явдал нэгээс гурван минутын дотор л болоод, өнгөрсөн. Зүүн талаас маань юу юугүй улаан эргэсэн ус орж ирээд, түрээд л гарсан. Би зөвхөн хүүхдийнхээ амийг өөрийнхөө амьтай л авъя гэж бодоод, гэрээс гарсан. Өөр бодсон санасан юм байгаагүй. Тэр үед балмагдаад, юм бодох ч сөхөө байдаггүй юм билээ.
Хүүгийн минь биеийн байдал ер нь хүнд байна. Сэтгэл санаагаараа их хохирсон. Би ингэж цочролд орчхоод миний цочрол арилахгүй явж байхад миний хүүгийн цочрол угаасаа ойлгомжтой. Хүүхэдтэй хүртэл таарамжтай тоглож чадахгүй байна. Уг нь бол миний хүү цэцэрлэгт явсан, олонтой тоглож биеэ дааж сурсан. Сая сэтгэл санаа нь цочролд ороод, нэлээн хямрах шиг боллоо. Энд байгаа хүүхдүүдтэй тоглуулах гээд үзлээ, ер нь жаахан хэцүү л байна.
Одоогийн байдлаар хороо, дүүргийн зүгээс шийдсэн тусламж туслалцаа алга. Хорооноос “Хоргодох байр гаргасан. Тэнд байрлаж байгаарай” гэсэн. Бид хоргодох байрандаа өнөөдөр ирсэн. Уг нь Нийслэлийн Засаг дарга хэлэхдээ хоёр айлд хоёр өрөө байр, 16 гэр өгнө гэсэн. Одоогийн байдлаар тэр гэрүүдээс бидэнд ирээгүй байна” гэлээ.
Хоргодох байранд хандивын цуваа үргэлжилсээр
Хоргодох байранд хувь хүмүүс албан байгууллагууд тасралтгүй тусламжийн гараа сунгасаар, сайн дурын ажилтнууд ирж нэгдсээр байна. Хувь хүн болон албан байгууллагууд хоол хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүүхдүүдэд өмсөх хувцас, мөнгөн тусламж зэрэг хандивыг өргөсөөр байна. Тусламж шаардлагатай иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр Хэнтий аймгаас ч сайн дурын ажилтан зорин иржээ. Сайн дурын ажилтан “Миний бие Хэнтий аймгаас чөлөөт цагаараа хүмүүст туслахаар ирсэн. Хоргодох байранд байрлаж байгаа хүмүүсийн хүүхдүүдийг асрах, хоол ундыг нь зөөх, хөнжил гудсыг нь бэлтгэж өгөх, халдваргүйжүүлэлт хийх зэрэг үүрэг гүйцэтгэж ажиллаж байгаа” гэв.
Хандив өргөж байгаа иргэдийн төлөөлөл иргэн Д.Одзаяа: Өнөөдөр хувийнхаа “Star life Mongolia” компанийн зүгээс нийт 14 сая төгрөгийн үнэ бүхий 3000 гар ариутгагч, 3000 дархлаа дэмжих витамин С-г нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гардууллаа. Байгалийн гамшиг гэгч хэлж ирдэггүй хийсэж ирдэг учраас үер гэнэтхэн тохиолдлоо. Голомтод ажиллаж байгаа эмч цагдаа цэргийнхэн гээд бүх хүмүүстээ хангалттай хүрэхүйц хэмжээний халдваргүйжүүлэлтийн бүтээгдэхүүнүүдийг тараалаа. Үер ус болсны дараа маш олон халдварт өвчин гарах эрсдэл бүрддэг учраас ариутгал халдваргүйжүүлэлтийн бүтээгдэхүүнүүд хамгийн их хэрэг болдог.
Монголчууд маань маш сайхан сэтгэлтэй. Зэрэгцээд олон байгууллагууд, хувь хүмүүс хандив, тусламжаа өргөж байна. Энэ бүхэн нь хэрэгцээ шаардлагатай хүмүүстээ очиж байгаа байх гэдэгт итгэлтэй байна. Бүгдээрээ дэм дэмэндээ дээс эрчиндээ, халуун сэтгэл гаргаад оролцож байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа. Мөн нойр хоолгүй дандаа яг ийм голомтод ажилладаг онцгой байдлын алба хаагчид, цэрэг, цагдаа, эмнэлгийн ажилчдадаа бүгдэд нь маш их баярлаж байгаагаа илэрхийлье.
Орон гэрээ алдсан иргэдэд байр, гэр гээд өөр олон арга хэмжээ авагдаж байгаа байх. Энд төр засгийн гаргах ёстой шийдвэрүүд чухал. Энэ хугацаанд авсан арга хэмжээ, хийсэн ажлын тайланг иргэддээ тавих хэрэгтэй гэж үзэж байна” гэсэн юм.
Т.Ариунзаяа
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү.