Энэ сарын 11-12 өдрүүдэд "МӨӨГНИЙ ФЕСТИВАЛЬ-2023" арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Фескивальд оролцсоноор та бүхэн мөөгний талаар сонирхолтой мэдлэг мэдээллийг олж авахаас гадна эрүүл мэндэд ямар ашиг тустай, гэртээ хэрхэн мөөг тарьж, ургуулах талаар суралцах боломжтой юм.
Өдөр тутмын хүнсэндээ мөөгийг ямарваа нэг хэмжээгээр хэрэглээд байвал хорт хавдрын өвчлөл эрс буурна.
ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ургамалын ангилалзүй, филогенетикийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Бүрэнбаатар “Мөөг фестивалийг гурав дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ жилийн зохион байгуулалтад ХААИС, Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Мөөгний кластер нэмүү өртгийн ТББ, Монголын мөөг судлаач, сонирхогчдын нэгдсэн нийгэмлэг, Мөөг.мн гэсэн таван байгууллага хамтран зохион байгуулж байна.
Байгалийн мөөгийг бид зохион байгуулагчдын зүгээс байгалиас нь яг шинэ мөөг авч ирж хүмүүст тухайн мөөгний шинж чанар, ач холбогдол, иддэг үү, иддэггүй юу гэдгийг Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн мэргэжлийн мөөг судлаачид болон Хятадын Жилиний их сургуулийн мөөг судлаач, дэлхийд олон зүйл шинээр тэмдэглэсэн, Хятадад бас өмнө нь тэмдэглэгдэж байгаагүй мөөг маш ихийг тэмдэглэж байсан ийм хоёр профессор ирж энгийн иргэдэд танилцуулна.
Мөн мөөгний урлан буюу мөөгтэй холбоотой керамик урлан болон хүүхэлдэйгээр бүтээл хийсэн хэсэг байрлана. Үүнээс гадна мөөгний фото зургийн уралдааныг “Мөөгөө гэртээ тарьцгаая” гэсэн фэйсбүүк хуудсаар зарласан. Тэнд оролцож байгаа хүмүүс энэ фестивалийн өмнө зургаа явуулаад фестивалийн үеэр бид хамгийн шилдэг мөөгний фото зургийг шалгаруулах болно.
Мөөг.мн-ийг үүсгэн байгуулагч Б.Ганбат “Манай сайтын зорилго бол нийт монголчууддаа мөөгний талаарх танин мэдэхүйн боловсролын мэдлэг мэдээллийг хүргэх зорилготойгоор анх байгуулсан. Энэ фестивалийн онцлог нь монголчууд маань мөөг сайн мэдэхгүй, мөөгний хэрэглээ маш муу учир ямар мөөгийг идэх ёстой, хүнсний мөөг гэж юуг хэлэх вэ, хортой мөөг гэж юу вэ гэдгийг яг бодитоор нь, байгалиас авч ирээд таны өмнө дэлгэж тавиад, Монголын бүх мөөг судлаачид хамтдаа байж байна гэсэн үг. Энэхүү арга хэмжээнээс маш өргөн хүрээнд мөөгний мэдлэгийг нэг өдрийн дотор авах боломжтой. Монголчууд бид мөөгний мэдлэг мэдээлэл маш бага, хомс байгаагаас шалтгаалаад мөөгний судалгаа бид нарын хүссэн хэмжээнд, шинжлэх ухааны хэмжээнд ч бай, улс төрийн хэмжээнд хийгдэхгүй байна. Алдагдаад байгаа энэ боломжоо олж авахын тулд, ойлгохын тулд энэ фестиваль дээр ирээд “Энэ мөөг чинь ийм хэрэгтэй юм байна, эдийн засгийн хувьд, эрүүл мэндийн хувьд асар чухал ач холбогдолтой зүйл байдаг юм байна” гэдгийг олж, ойлгоосой гэж хүсэж байна, уриалж байна” гэв.
Доктор, профессор, МУ-ын зөвлөх био технологич Х.Алтанцэцэг “Мөөгний аймаг гээд ургамал амьтнаас тэс ондоо маш сонирхолтой өвөрмөц, хүний амьдралд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Ийм организмуудыг, энэ аймагт хамаарагдах организмуудыг судалдаг, сонирхдог хүмүүсийн баяр болох гэж байна гэж ойлгох хэрэгтэй. Мөөгний аймагт өнөөгийн байдлаар шинжлэх ухаан 110 мянган зүйлийн организмуудыг илрүүлээд байна. Энэ нь нийт дэлхий дээр байгаа мөөгний аравхан хувийг эзэлнэ. Эдгээрээс 5000 зүйл байгальд ургадаг малгайт мөөгийг хүн хүнсэндээ ашиглах боломжтой. Мөн 700 зүйлийн малгайт мөөгнөөс 216 нэр төрлийн биологийн идэвхтэй буюу хүний эрүү мэндэд ашиг тустай бодисуудыг илрүүлж олоод байгаа юм. Эдгээр 5000 зүйлийн иддэг мөөгнөөс өнөөгийн байдлаар 35 зүйлийг нь тарималжуулаад байна” гэсэн юм.
ХААИС-ийн мөөг судлаач П.Лхагвадорж “Монгол оронд газар тариалангийн хоног их богино байдаг. 90 хоногийн хугацаанд л хүнсний ногоог тариалж, хурааж авах боломжтой байдаг бол мөөгийг жилийн дөрвөн улиралд тариалаад, хураах боломжтой. Мөн махнаас дутахгүй уургийн агууламж агуулдаг учраас хүнсний өндөр ач холбогдолтой байдаг” гэв.
“Мөөгний нэмүү өртөгийн сүлжээ” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Мөнхжаргал “Бид энэ фестивалиар гурван зүйлийг та бүхэнд танилцуулах болно.
Нэгдүгээрт, хэрхэн яаж өрхийн хэрэгцээний мөөгөө ургуулах орчныг бүрдүүлэх вэ, ямар жижиг хэрэгсэл, тоноглол танд хэрэг болох вэ. Үүнийг танд яг бодитоор харуулна.
Хоёрдугаарт, бид хус модны тайрдас дээр ургуулсан мөөгөө танлцуулна. Таримал мөөг яаж модны тайрдас дээр ургаж болж байгааг харуулах болно.
Гуравдугаарт, мөөгний ач холбогдол, ялангуяа бид нарын тариалж байгаа мөөг хоол хүнс талаасаа, шим тэжээл талаасаа ямар ач холбогдолтой вэ гэдэг эрдэм шинжилгээний ажлыг маш гоё ойлгомжтойгоор харуулж, танилцуулах болно” гэсэн юм.
Дэлгэрэнгүйг дээрх бичлэгээс үзнэ үү.