Сошиал инфлүэнсер, олон нийтийг талцуулагч Эндрю Тэйт өнгөрсөн баасан гарагт Румыны шүүхэд давж заалдаж, гэрийн хориноос суллагдлаа.
Бухарестийн давж заалдах шатны шүүх "8-р сарын 4-өөс 10-р сарын 2 хүртэл 60 хоногийн хугацаанд гэрийн хорионд байлгах арга хэмжээг шүүхийн хяналтын журмаар солих" гэж бичгээр гаргасан шийдвэртээ дурджээ. Өдгөө 36 настай түүнийг эмэгтэйчүүдийг дорд үзсэн нэгэн гэж цахим сүлжээ хэрэглэгчид эгдүүцдэг ба тэрээр өнгөрсөн зургадугаар сард хүн худалдаалсан, хүчиндсэн, бэлгийн мөлжлөгийн зорилгоор гэмт хэргийн бүлэглэл байгуулсан хэргээр буруутгагдаж байсан юм. Уг хэрэгт түүний ах Тристан болон Румын улсын хоёр эмэгтэй мөн холбогдсон. Тэднийг арванхоёрдугаар сарын сүүлээр Румын улсын нийслэлээс баривчилсан ба тэд дээрх хэргүүдийг няцааж байсан юм. Тэрээр анх 2016 онд Британийн телевизийн "Том ах" реалити шоунд оролцож нэр хүндтэй болсон байдаг. Дараа нь Тэйт олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд анхаарлаа хандуулж, сая сая дагагчтай болсон. Өмнө нь кикбоксоор хичээллэж байсан Тэйт нь 2017 оноос хойш Румын улсад амьдарч байгаа гэсэн мэдээлэл бий. Тэрээр үзэн ядах агуулга бүхий үг хэлснийхээ төлөө өмнө нь хэд хэдэн мэдээллийн платформууд руу нэвтрэх эрхээ хаалгуулж байсан. Гэхдээ түүнийг дагадаг олон хүн байдаг бөгөөд хурц хэллэгтэй болохоос өнөөгийн замбараагүй болсон нийгэмд үнэнийг хэлдэг нэгэн гэж үздэг байна.
SOURCE: DW