“Монголд зочлох жил”-ийн хүрээнд Хөвсгөл аймагт “Сарлагийн наадам-2023”-ыг аялал жуулчлалын эвент арга хэмжээ болгон зохион байгуулж байна.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт өнөөдөр эхэлсэн тус наадмаар сарлаг үхрийн уралдаан, үндэсний сур харвааны тэмцээн, “Сарлаг-2023” яруу найргийн наадам, сарлагийн бух шалгаруулах, үзэсгэлэн-худалдаа гаргах зэрэг олон талын үйл ажиллагаа болж байна. Үүний нэг болгож мал аж ахуйн “Хөгжлийн гарц” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав.
Хуралд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын малчид, аймаг, сумын удирдлага, эрдэмтэн судлаач, орон нутгийн бизнес эрхлэгч нарын 100 гаруй төлөөлөл оролцож сарлагийн ашиг шимийг нэмэгдүүлэх, малчдын орлогыг өсгөх боломж нөхцөл, арга ажиллагааны талаар хэлэлцлээ. Хуралд ШУТИС-ийн Үйлдвэрийн сургуулийн био технологи Шим тэжээлийн салбарын эрхлэгч, доктор, профессор Б.Майзул “Дотор махны хэрэглээ боловсруулах технологи”, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн Ноос ноолуур судлалын салбарын судлаачид “Сарлагийн хөөврийн үйлдвэрлэл-иноваци”, ХБНГУ-ын Гео антропологийн хүрээлэнгийн судлаач, доктор Ж.Баярсайхан “Монгол нутаг дахь эртний нүүдэлчид: сарлагийн үхрийг гэршүүлсэн он цаг ба түүх археологийн баримтууд”, эрдэм шинжилгээний дэд ажилтан Г.Батчимэг “Сарлагийн хөөврийн шинж чанарын онцлог хэрэглээ, “Жинст Мөрөн” ХХК-ийн захирал Г.Амарболд “Кластер үйлдвэрийн хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавилаа.
Судалгаагаар Төв Азийн 10 хүрэхгүй оронд нийт 14 сая толгой сарлаг байдгаас 90 хүртэл хувь нь Монгол Улс, БНХАУ-д байдаг аж. Манай улс өнгөрсөн онд 1.3 сая толгой сарлаг тоолуулжээ. Гэвч сарлагийн хөөвөр, сүү саалийг нь бүрэн авч ашиглаж чадахгүй байгааг судлаач Г.Батчимэг илтгэлдээ онцоллоо.
Мөн сарлагийн хөөврийг нарийн судалбал нарны хэт ягаан туяа, цацраг идэвхт долгион зэргээс хамгаалдаг, хорт хавдрыг саармагжуулдаг меламин бодис агуулж байдаг аж. Тиймээс ч сарлагийн хөөвөр алтнаас илүү үнэтэй болох цаг хугацаа ойрхон байгааг эрдэмтэн судлаач нар хэлж байна.
Хөвсгөл аймагтаа малын тоо толгойгоор тавд ордог Алаг-Эрдэнэ сумын нийт малын 10 хувийг үхэр сарлаг эзэлдэг байна. Тиймээс ч зах зээлд үнэлгээгээрээ ноолуурын дараа ордог хөөврөөс эхлээд сарлагийн мах, цагаан идээний гарц, ашиг шимийг нэмэгдүүлж, шинжлэх ухаанд тулгуурлан үйлдвэрлэл эрхэлж, дэлхийн зах зээлд брэнд бүтээгдэхүүн гаргах зорилгоор “Хөх сарлаг” хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Энэ талаар сумын Засаг дарга З.Ням-Очир хэлэхдээ, “Манай аймгийн 5 суманд Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төсөл хэрэгжсэн. Уг төслийн хүрээнд сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргаж байгаа.