Ц.Хулан нарын гэм буруугийн шүүх хуралдаан маргааш 2023.07.20 Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Нийслэлийн прокурорын газраас Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт “…гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах…" гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн. Улмаар хэргийг энэ оны гуравдугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна.
Шүүгдэгч нарт холбогдох хэргийг "шүүх бүрэлдэхүүнтэй"-гээр хянан хэлэлцэх бөгөөд даргалагч шүүгч "Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцсон. Иймд шүүх хурлыг хэд хэдэн удаа хойшлуулсан.
“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой хэргийн шүүх хуралдаан дууссан тул, шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнгөрөгч зургадугаар сарын 30-ний өдөр /2023.06.30/ 09.00 цагт товлосон.
Гэвч шүүгдэгч Ц.Хулангийн нэг өмгөөлөгч Ц.Оюунбаатар “…шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт…” шүүхэд ирүүлсэн. Мөн өмгөлөөгч Л.Өлзийхүү нар нь “…шүүх хуралдаанд хоёр өмгөөлөгчтэй оролцох, шүүх хуралдааныг хойшлуулах…” хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч шүүх хурлыг энэ сарын 20-ны өдрийн 09.00 цагт товлосон.