Булган аймаг ахуйн үйлчилгээний салбараа хөгжүүлж, иргэдийн тогтвортой чанартай үйлчилгээ авах нөхцөл бүрдүүлэх зорилтын хүрээнд LGSS оёдлын үйлдвэрийг нээжээ. Энэхүү оёдлын үйлдвэр нь үндэсний дээл хувцас болон биеийн тамирын хувцас хэрэгслүүд үйлдвэрлэдэг. LGSS үйлдвэр байгуулагдсанаар Булган аймгийн иргэд, хөдөлмөрчид заавал Улаанбаатар хот болон бусад хол аймгуудаас хувцасны хэрэглээгээ хангах бус үйлдвэртээ захиалгаа өгөөд оёулах бүрэн боломжтой болжээ. Бид LGSS оёдлын үйлдвэрийн үүсгэн байгуулагч Ч.Гантуяатай цөөн хором ярилцлаа.
-Энэхүү оёдлын үйлдвэрээ хэрхэн эхлүүлсэн бэ?
-Би Сэлэнгэ аймгийн уугуул иргэн. Гэр бүлийн хүнээ дагаад Булган аймагт суурьшаад, 18 жил болж байна. Усыг нь уувал ёсыг нь дагана гэдэг жишгээр амьдарч буй аймагтаа өөрийн чадлаар хувь нэмэр оруулж, хүүхдүүдийнхээ ирээдүйг сайн сайхан бүтээхийн тулд төрөл бүрийн салбарт бизнес хийж буй бизнес эмэгтэй.
Би өөрийн хобби сонирхлоороо оёдлын жижигхэн цех нээгээд, хоёр, гурван машинтай үйл ажиллагаагаа явуулж байхад аймгийн засаг дарга шинэ санаачилга гаргасан нь сүүлийн үед устаад буй ахуй үйлчилгээний салбарыг хөгжүүлэхээр хорь гаруй төрлийн орчин үеийн, хагас автомат яг л оёдолд тохирсон машинууд авч ирсэн. Олон хүнд санал тавьснаас миний оёсон бүтээлүүд таалагдаж, энэ оёдлын үйлдвэрийг цаашид ахуй үйлчилгээний хэмжээнд болгож, багадаа 10-20 хүний ажлын байртай үйлдвэр болгож өгөөч гэсэн саналыг зөвшөөрсөн. Одоо 4-5 ажилтантай үйл ажиллагаагаа эхлүүлээд хэдэн сар гаруй хугацаа болж байна.
Бид загвар дизайн талдаа 100 хувь мэргэжлийн биш. Өөрсдөө юм оёх хоббигоороо л ажиллаж байна. Манай нөхөр эсгүүрийн үйл ажиллагааг хийдэг. Би өөрөө оёдог. Мөн 2-3 оёдолчинтой, тавуулаа ажилладаг.
-Загвараа өөрсдөө гаргадаг уу?
Загварын хувьд бид мэргэжлийн эсгүүр худалдаж аваад, захиалагчийнхаа биед тааруулж оёдог.
-Аймагтаа оёдлын үйлдвэр нээх нь ямар давуу тал бий болгож байна вэ?
-Аймагт оёдлын үйлдвэр байгуулагдсаны нэг давуу тал нь нэг байгууллага хувцас захиалъя гэхэд бид бүгдээрээ очоод, зэрэг хэмжээ авна. Жишээлбэл, цахилгаантай хувцсыг цахилгааныг нь оёхоос өмнө ч юм уу хүмүүсээ дуудаад, пермерк өмсгөдөг. Өмсөөд үзэхээр нөгөө хүн “Өө энэ уртдаж байна, багадаж байна” гээд хэлэхэд, засаад, тааруулдаг. Хөдөө орон нутгийнхан ихэнхдээ хаа хамаагүй олон километрийн цаанаас Улаанбаатараас ч юм уу, Эрдэнэтэд захиалга өгч хийлгэдэг. Тэр нь биед таарахгүй нэг бол нэвсгэр том, нэг бол хэт бариу тухгүй байх гээд байдаг. Эсвэл багадуулж байхаар гээд нэг хэмжээтэй том том хувцаснууд явуулсан байх жишээтэй. Энэ асуудлыг шийдэхээр үйлдвэр маань нээгдээд, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
-Цаашдаа өөр ямар төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөж байна вэ?
–Бид хичээл, сургууль орохоор хүүхдүүддээ дүрэмт хувцас авч өгдөг. Үүнийг заавал Хятадын үйлдвэрийн бүтээгдэхүүн авах шаардлагагүй болгохоор зорьж байна.
Хөдөө орон нутагт амьдарч буй иргэд хүүхдийнхээ хувцсыг бэлдэнэ гээд л Улаанбаатар, Дархан, Эрдэнэт явдаг. Жишээлбэл, нэг хүүхдэдээ хувцас авах гээд ээж, аав хоёр хоёулаа дагаад явдаг. Хүүхдэдээ өмсгөж үзүүлнэ гээд хүүхдээ дагуулаад явахаар гурван хүний зардал гарна. Үүний оронд аймагтаа дүрэмт хувцас, бэлтгэлийн хувцсыг нь үйлдвэрлээд, хөөрхөн пүүзний уут оёж, бэлэглэх зэргээр урамшуулалтай гаргавал хүүхдүүдээ дагуулаад, үйлдвэртээ орж ирээд, хувцсыг нь тааруулаад, бэлтгэлийн хувцсыг нь пүүзний ууттай нь дүрэмт хувцсаа өмсгөж үзүүлээд л авчихна. Хүмүүс юм худалдаж авах зардлаа л гаргахаас бусад явсан зардал гарахгүй байх жишээтэй.
Зөвхөн дүрэмт хувцас гэлтгүй үндэсний дээл хувцас, орчин үеийн хувцас гээд бүх төрлийн хувцас хэрэгсэл оёдог аймгийн хэмжээний том үйлдвэр болгох зорилготой. Ингэснээр бусад аймгуудад өөрийн үүсгэсэн брэндийн бүтээгдэхүүнээ түгээн борлуулах боломж бүрдэнэ гэж харж байна.
-Орон нутагт бизнес эрхлээд, ажиллах амьдрахын сайхан тал нь юу вэ?
-Би Дархан хотод олон жил амьдарч байгаад Булган суманд ирсэн. Төв газар амьдарч байсан хүн хөдөөд ирлээ гэхээр хүмүүс их гайхдаг. Би өөрөө маш их баярладаг. Учир нь агаар нь сайхан, эрүүл. Хотод очихоор бид харихын түүс болдог. Түгжрэлд нэг өдөр нэг л ажил бүтээдэг бол бид энд өдөртөө хэд хэд давхиад, шаардлагатай бүх ажлаа бүтээдэг. Манай аймаг дамжин өнгөрөх аймаг гэдгээрээ бизнесийн үйл ажиллагаа явуулахад боломжийн.
Хөдөө амьдрах хамгийн сайхан нь амар тайван. Хөдөлмөрлөж чадвал юу ч хийж болох зах зээл нь байна. Болж л өгвөл хөдөө орон нутагтаа тархаж амьдраасай л гэж боддог доо.
-Ярилцсанд баярлалаа.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.