Зүс булаалдсан гурван сумын хүүхнүүд
Хэлэлцсэн юм шиг хөх торгон дээлтэй ирж
Зуузай харшуулсан гурван сумын морьд
Ижилссэн юм шиг суман дэлээрээ гайхуулж наадам наадам дундаас сумын наадам хамгийн сайхан…
92 жилийн түүхтэй Булган сумын наадам дэнж хотойтол сайхан болж байна. Өрөг.мн сайтын сурвалжлах баг анхдагчдын өлгий нутаг Булган аймгийн Булган сумын наадмаас сурважиллаа. Булган сум түүхэндээ гурав дахь удаагаа Үндэсний их баяр наадмаа тэмдэглэж байгаа аж. Энэ жилийн наадмын өнгө дэлгэр сайхан байгааг наадамчид онцолж байлаа.
Булган аймгийн Орхон сумын уяач Э.Баярмагнай бор азарга азарга насанд түрүүллээ. Тэрээр "Энэ азарга манай дүүгийн адуу, Булган сумынхаа наадамд сайхан түрүүллээ. Саяхан Хангалын алдартнуудын баярт түрүүлсэн. Хоёр дараалан сайхан түрүүллээ. Энэ жил морьд хурдан сайхан байна. Уяач хүн морио хараад л, өнгө зүс нь ямар байгааг хараад, түрүү магнайд байгаа даа гэж бодож суулаа. Дүү “Ах аа өнөөдөр бор азарга гоёхон байна аа” гээд л. Би “Тийм ээ, бор азарга өнөөдөр гоёхон байна” гэж яриад л, унаач хүүхдэдээ захиад мордуулсан. Хүү маань сайхан, гоё уналаа. Сэтгэгдэл маш өндөр байна.
Би хорь гаруй жил морь уяж байна. Улс, аймаг, сум нийлсэн 30 гаруй айраг, түрүүтэй. Өнөөдөр эрлийз даагатайгаа нийлээд долоон нас мордууллаа. Нэг түрүү, хоёр айраг авлаа. Сэтгэл санаа дэндүү сайхан байна.
Нутаг орондоо өөрийн унаган адуугаар наадаж, монголчууд эрт дээр үеэс дээдэлж ирсэн Монгол адуугаараа наадаж байгаа нь сэтгэл огшмоор, бахархмаар байна. Морь гэдэг хүний хийморь сэргээсэн амьтан юм даа” гэж наадмын сэтгэгдлээ хуваалцсан юм.
Эрийн гурван наадмын хүчит бөхчүүдгүйгээр төсөөлөхийн аргагүй. Булган сумын наадамд 64 бөх зодоглож, залуу бөх Ө.Өсөхбаяр түрүүлж “Сумын заан” цол хүртлээ.
Тэрээр “Сумын наадамд өсвөрт байхдаа л барилдаж байлаа. Олон жилийн дараа дахин барилдаад, түрүүлсэндээ маш их баяртай байна. Анх ирэхдээ “Барилдаад л үзье” гэж бодож байсан. Нэг, хоёр, гурвын даваанд даваад “За, түрүүлчих юм байна” гэдэг итгэл төрж, өөртөө итгэлтэй барилдсан.
Сумын заан цол хүртээд, есөн хөлт цагаан тугаа тойрох мэдрэмж үнэхээр гайхамшигтай байсан. Үндэсний бөхөөр авч байгаа анхны цол минь учраас ихэд бэлэгшээж байна” гэж анхны цол авсан сэтгэгдлээ хуваалцлаа.
Булган сумын засаг дарга П.Нөхөрөлбаяр “Булган аймгийн Булган сумын нийт иргэд, хөдөлмөрчдөдөө баяр наадмын мэнд дэвшүүлье. Энэ жил зочин гийчин ихтэй, олон сайхан морьд, хүчтэнүүд, сур харваачид, шагай харваачидтай өргөн дэлгэр наадам болж байна. Наадамд 64 бөх барилдаж, шагай харвааны есөн баг оролцлоо. Манай сур харваанд олон сум, аймгаас улс, аймгийн цолтой, алдар цуутай харваачид ирсэн байна. Нас бүрд 40-50 тооны морь давхисан сайхан наадам болж байна.
Булган аймаг 16 сум, нэг тосгонтой. Аймгийн төвийн сум гэдгээрээ манай сум онцлогтой. Цаашдаа хот болно гэсэн зорилго, тэмүүлэлтэй ажиллаж байна.
Манай Булган сумын иргэд хөдөлмөрч, найрсаг, зочид гийчдийг сайхан хүлээж авдаг уламжлалтай. Аялал жуулчлал, онгон дагшин байгалиараа алдартай сайхан нутаг.
Ардын хувьсгалын 102 жил, Ардчилсан хувьсгалын 34 жил, Булган аймгийн 85 жил, Булган сум байгуулагдсаны 92 жилийн ойн мэндийг нийт Булганчууддаа хүргэхийн ялдамд цаашдынх нь ажил, хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсье. Дэнж хотойтол сайхан наадаарай” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.