Өрөг.мн сайтын сурвалжлах баг Булган аймагт ажиллаж байна. Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, шинэ бизнес эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Ээлтэй нутаг-Нээлттэй Булган хөрөнгө оруулалтын чуулганы бэлтгэл” орон нутгийн зөвлөлдөх уулзалт болж байна.
Булган аймаг шилжиж ирэх болон одоо амьдарч буй иргэд, бизнес эрхлэгчдэд хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнээс тодрууллаа.
Тэрээр “Хөдөөгийн сэргэлт” бодлогын хүрээнд Булган аймаг алсын хараа, стратегийн төлөвлөгөөгөө яаж харж байна, эдийн засгийн хувьд өндөр өгөөжтэй салбаруудаа жил бүр дэмжээд, хөгжүүлэлт хийвэл үр өгөөж нь ямар байх вэ гэдэг анхан шатны зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна. Бид анхан шатны зөвлөлдөх уулзалтаа аймаг дотроо эхлээд хийе гэсэн бодлого барьж байна. Эхлээд дотооддоо ярилцаж, ойлголтоо нэгтгэх хэрэгтэй. Ойлголтын зөрүүтэй байдлыг арилгаж, хөрөнгө оруулалт татахын тулд сум бүр өөрийн онцлогт тохирсон хөрөнгө оруулалтын боломжуудыг танилцуулах хүрээнд энэхүү уулзалтыг хийж байна. Сумын хөгжлөө аймгийн хөгжилтэй уялдуулсан бодлого хэрэгжүүлэхийн тулд бид бодит нөхцөл байдлаа, боломжоо ойлгох нь чухал гэж бодож байна.
Булган аймгийн эдийн засгийн үр өгөөжтэй гол салбар бол аялал жуулчлалын салбар юм. Мөн хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан, дэд бүтцийн салбар байна. Манай аймгийн хувьд эрүүл мэнд, боловсролын салбарт хүний нөөцийн дутагдалтай байна. Улаанбаатар хотоос манай аймагт шилжин сурьшиж буй иргэдийн орон байрны асуудлыг шийдвэрлэж, ажиллаж, амьдрахад таатай орчин бүрдүүлэхээр ажиллаж байна. Мөн аймагтаа ажиллаж, амьдарч буй иргэдээ урамшуулж, цалингийн нэмэгдэл олгох зэргээр оршин суугч иргэдээ барих талд ажиллаж байна” гэв.
СУМ, ОРОН НУТГИЙН ОНЦЛОГТ ТОХИРУУЛАН БИЗНЕС ЭРХЭЛЖ, АЯ ТУХТАЙ АМЬДРАХ БОЛОМЖТОЙ
Хөдөөгийн сэргэлт бодлогын хүрээнд Булган аймгийн Хутаг-Өндөр сум жишиг сум болсон. Шилжилт хөдөлгөөний бодлого боловсруулж, шилжилт хөдөлгөөнд ээлтэй сум байх зорилт тавин ажиллаж байгаа аж.
Хутаг-Өндөр сумын Засаг дарга П.Лхагва-очир “Манай суманд шинэ шинэлэг санаа, зөв хандлагыг хөдөө орон нутагт түгээн, хэрэгжүүлж буй дөрвөн залуу бий. Тэд өөрсдөө ажлын байр бий болгож, сумын иргэдэд хэрхэн өөрсдөө ажлын байр бий болгох, сум орон нутгийн онцлогт тохируулан бизнес эрхэлж, ая тухтай амьдарч болохыг харуулж байна.
Мөн манай суманд одоогийн байдлаар аялал жуулчлал, газар тариалан, хүнс үйлдвэрлэл зэрэг олон салбарын 14 ажлын байр нээлттэй байна. Манай суманд шилжин ирж буй иргэдийн нийгмийн анхдагч хэрэгцээ болох орон байртай болгох талаар нээлттэй бодлого барьж, дэмждэг байх нь чухал гэж үзэн дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэж байна” гэсэн юм.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү.