Японы парламент бэлгийн хүчирхийлийн тухай хуулийг шинэчлэх гэж байгаа нь сүүлийн зуун жилд хийгдсэн хоёр дахь шинэчлэлт болох гэж байна.
Хуулийн төсөлд хэд хэдэн өөрчлөлт орж байгаа ч хамгийн том бөгөөд хамгийн чухал нь хууль тогтоогчид хүчингийн гэмт хэргийг "албадан бэлгийн харьцаанд орох"-оос "зөвшөөрөлгүй бэлгийн харьцаанд орох" болгон дахин тодорхойлж байгаа явдал юм. Нийгмийн дунд энэ талаарх ойлголт одоо ч сул байдаг тул ийн өөрчилж байгаа нь авууштай гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Японы одоогийн хууль тогтоомжид "хүчээр", "айлган сүрдүүлэх замаар бэлгийн харьцаанд, эсвэл хүний "ухаангүй байдал, эсэргүүцэх чадваргүй" байдлыг далимдуулан бэлгийн хүчирхийлэл үйлдсэн” тохиолдолд хүчингийн хэрэг үйлдсэн гэж тодорхойлдог.
Энэ нь бусад олон улс орны жишгээс хоцорч байгаагийн илрэл юм. Учир нь Японд бэлгийн хүчирхийллийг ийн явцуу хүрээнд тодорхойлсон нь гэмт этгээдүүд тохирох шийтгэлээ авахгүй өнгөрөх, улмаар хохирогч эмэгтэйчүүд цагдаа нарт хандахгүйгээр бие болон сэтгэл зүйн хувьд асар их хохирол амсаад дуусахад хүргэдэг байна. Тухайлбал, 2014 онд нэгэн эр 15 настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарсан. Гэвч шүүх дээр охиныг эсэргүүцэх боломжтой нөхцөл байдалд байсан тул тус эрийг буруутгалгүй, чөлөөж байжээ. Түүнчлэн Японд 13-аас доош насыг бэлгийн хүчирхийллийн тохиолдолд хүүхэд гэж авч үздэг. Өөрөөр хэлбэл, хохирогч охин хэдий 15 настай байсан ч шүүх түүнийг том хүн гэж авч үзсэн гэсэн үг. Энэ мэтчилэн маш олон хэрэг гэмт этгээдгүй, хохирогч ихтэй үлдсэн тул дээрх хуулийн шинэчлэлт нь активистуудаас өндөр дэмжлэг авч байна.
SOURCE: BBC