УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодрууллаа.
Тэрбээр “Эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хүчээр тулгаж хийсэн. Үүнийг эсэргүүцсэн хоёр гишүүний нэг нь би. Үндсэн хууль өөрчлөхдөө ард түмнээсээ асуу, ард иргэдийнхээ саналыг сонс гэсэн шаардлагыг л би тавьсан. Гэвч эрх баригчид үүнийг авч хэлэлцсэнгүй. Одоо сонгуулийн тухай хуулийг ярих гэж байна. Ирэх сонгуульд намын жагсаалтаар дамжуулж хулгай, худалд орооцолдсон хүмүүс ороод ирэх вий гэж хүмүүс болгоомжилж байна. Эрх баригчид хуулиа хулгайгаар, шөнө дөлөөр баталдаг учраас бас л энэ замаараа явах эрсдэл байна. УИХ-ын гишүүдийн тооноос болоод улс орон доройтоод байгаа юм биш ээ. Үнэхээр сэтгэл, хариуцлага, хууль дээдлэх зарчим байхгүй л бол 126 хүн байгаад ч нэмэргүй. Бүр 300 болгосон ч нэмэргүй. Гэтэл 76 гишүүн хаалгаа хааж авч байгаад л өөртөө таалагдах, өөрсдийнхөө талд шийдвэр гаргаж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын дэгийн тухай хууль шиг амархан өөрчилж болохгүй.
УИХ-д эмэгтэйчүүдийн квот 40 хувиас доошгүй байх ёстой гэсэн зарчмын байр суурьтай байгаа. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх маш олон ач холбогдолтой гэдгийг олон улсын түвшинд судлаачид тогтоочихсон. Гадны нэртэй улстөрчид, эрдэмтэдтэй уулзахад ч үүнийг хэлдэг.
Би чуулган дээр хэлж анхааруулж байгаа бас нэг асуудал нь бизнесийн орчны асуудал. Дотоодын, үндэсний бизнес эрхлэгчид. Гадаадын хөрөнгө оруулагчид орж ирээд дотоодын бизнес эрхлэгчдийн боломжийг хулгайлдаг байж болохгүй. Бид бизнес эрхлэгчдээ зээлийн, патентын зэрэг олон чухал бодлогоор бодитоор дэмжих ёстой” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.