“Больё гэж зөндөө бодсон. Зөндөө уйлдаг байсан. Гэхдээ өөр хаачих юм гэж гүрийсэн. “Энэ салбарт, энэ ажилд өчнөөн жилээ зориулчхаад үүнийгээ шийдэхгүй бол би өөрөө хэн ч биш байхгүй юу” гэж ярих түүнийг С.Цэвэгсүрэн гэдэг. Тэрээр эх орондоо үндэсний үйлдвэрлэл эрхэлж, хичээн зүтгэж буй залуусын төлөөлөл. Өрөг.мн сайт “Эх орондоо үлдэнэ” цувралын энэ удаагийн дугаарт хаягдал гялгар цаасыг дахин боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, байгальд ээлтэй шийдлийг нэвтрүүлж байгаа хамт олныг онцолж байна. “Plastic center” компанийн захиралтай Цэвэгсүрэнтэй бид ярилцлаа.
Урилга хүлээн авсан баярлалаа. Танай компани хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ?
Манай компани 2016 оноос хаягдал гялгар уутыг дахин боловсруулах чиглэлээр ажиллаж эхэлсэн. Анх 10 ажилчин аваад л анх эхэлж байлаа. Өнөөдөр 30 гаруй ажилчинтай. Энэ жил 39-үүлээ болно гэж төлөвлөсөн ч ажиллах хүчний дутагдалтай, 34-үүлээ ажиллаж байна.
Үйлдвэрлэлийн явцыг энгийнээр тайлбарлавал?
Үндсэн түүхий эд маань хаягдал гялгар уут. Үүнийг буталж хайлуулаад нүхэн жорлонгийн доторлогоо буюу 100 хувийн битүүмжлэлтэй савнууд үйлдвэрлэж байна. Мөн инженерийн шугам сүлжээний “кольцо”-г хуванцраар үйлдвэрлэсэн анхны үйлдвэр юм. Хашаандаа 30 жил амьдарсан айл байлаа гэхэд 5 жил тутамд нүхэн жорлонгоо ухаад, дүүрэхээр нь буцаагаад булчихдаг. Тэгээд л өөр газар ухчихдаг. Ингээд дахиж шинээр жорлон ухах газар олдохгүй болдог. Хашаа нь тэр чигээрээ л бохирын нүх болчихсон айлууд их ханддаг л даа. Бид тэр айлуудад 8,5 тонн хүртэлх хэмжээтэй нүхэн жорлонгийн доторлогоог санал болгодог. Ингэснээр дахиж нүх ухах шаардлагагүй болно. Бохироо соруулаад л, амьдрах орчноо бохирдлоос сэргийлнэ. Энэ гялгар уут олон шат дамжлагаар дамжлагаар дамжаад битүүмжтэй сав болно. Энэ савыг л гэхэд бид хөргүүртээ ашиглаж байгаа. Дотроо дүүрэн устай. 8,5 тоннын багтаамжтай.
Хоёулаа зогсож байгаа энэ хэсэгт яг юу хийдэг вэ?
Энэ бол манай үйлдвэрийн хайлах цех. Гялгар цаасаа хуваарилж хийнэ. Хамгийн эхний буюу бутлах цех нь цаад талдаа байгаа. Тэндээс орсон ирсэн материалаа бутлаад, хэвэнд цутгадаг.
Хэдий хэмжээний түүхий эдийг хүлээн авч, боловсруулж байна вэ?
Ерөнхийдөө хоногт 4-5 тонн гялгар уутыг дахин боловсруулж байна. Эхний жилүүддээ 500-1000 кг-ыг л дахин боловсруулдаг байсан.
Байгаль ээлтэй шийдлийг гаргаж байгаа учраас онцлог салбар байна шүү дээ.
Манай хамт олны уриа бол “Бохирдлоор бохирдлыг шийдье”. Хөрсөнд 400-500 жил нэвчдэггүй, шингэдэггүй гялгар уутны хог хаягдлыг хөрсний доорх бохирдлыг шийдэж байна. Хэн нэгний хаясан хог маш урт зам туулж манай үйлдвэр дээр ирдэг. Бид үйлдвэрийнбайран дээрээ 1 кг гялгар уутыг бид 850 төгрөгөөр худалдаж авдаг. Хүмүүс гялгар уут, хог бол үнэгүй шүү дээ” гэж боддог. Гэтэл манай үйлдвэр байнга түүхий эдийн дутагдалд ордог. Учир нь, хүмүүс хогоо ангилан ялгахгүй байна.
Манай хамт олон 2021 онд “Зүгээр битгий хая” гээд аян зарласан. “Хаягдлаа зүгээр битгий хаяач” гэдэг уриалга гаргасан юм. “Та хогоо энгийн хогийн саванд хаяхын оронд ангилан ялгах хогийн саванд хаячих. Үүнийг чинь бид худалдаж авъя” гэсэн. Ингээд түүгээрээ Жанжин клубын тэнд тоглоомын талбай барьж өгсөн.
2020 онд нэг аав торонд гялгар уут хийгээд, хүүтэйгээ хамт манай үйлдвэрийн байран дээр хүрээд ирсэн. Бодвол их л холоос ирсэн байх. Гялгар уутыг зарснаасаа илүү их зардал гаргаад авчирж өгч байгаа юм. “Би хүүхдэдээ гялгар уут бол хог биш юм байна” гэдгийг ойлгуулах гэсэн юм аа гэсэн. Уутаа тушаагаад, зайрмагны мөнгө аваад явж байсан. Тэр үнэхээр гоё байсан. “Зүгээр битгий хая” аяны хүрээнд маш олон хүн хогоо авчирж өгсөн. Өглөө бүр ажилдаа явахдаа ихэвчлэн эрэгтэй хүмүүс маш их хог авчирж өгдөг байсан. Ажлынхаа цүнхэнд хийгээд ирнэ. Мөн жаахан хүүхэдтэй ээжүүд живхнийхээ гялгар уутыг эвхээд авчраад өгчихдөг байлаа. Бид “Зүгээр битгий хая” аян зарласнаар маш сайн жишээ, эерэг өөрчлөлтүүд гарсан.
Гялгар уутны хог хаягдал 400-500 жил байгальд шингэдэггүй гэж ярьдаг байлаа. Харин одоо 1000 жил болчихсон байна. Хүмүүст энэ мэдээллийг аль болох түгээхийг хүсдэг.
Та бүхний ажлыг харахаар нэг талдаа үндэсний үйлдвэрлэл, нөгөө талдаа байгалиа хамгаалах шийдэл байна. Онцлог зохицуулалт, дэмжлэгийг төрөөс гаргах хэрэгтэй болов уу?
Тийм ээ. Манай салбарт тулгамдаж байгаа асуудал нь иргэдийг хогоо ангилан ялгадаг болоход уриалах. Мөн ангилсан хогоо ачих тээвэр зохицуулалтын асуудал бий. Түүхий эдээр хангахад нь уялдаа холбоотой ажиллавал дахин боловсруулах үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт болж чадна.
Өнгөрсөн хугацаанд та бүхэн хэдий хэмжээний гялгар уутыг дахин боловсруулаад, хэр хэмжээтэй хөрсийг бохирдохоос сэргийлж чадсан гэсэн үг вэ?
2016 оноос өдийг хүртэл 3500 орчим тонн гялгар уутыг дахин боловсруулаад, 41500 метр куб бохирын сав үйлдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, нэг удаад л гэхэд ийм хэмжээний бохир усыг хөрсөнд нэвчихээс сэргийлж чадсан гэсэн үг. 1000 га газрыг бохирдлоос хамгаалсан.
Та нар зүгээр л гялгар уутаар ийм бүтээгдэхүүн хийчихэж байгаа юм уу… Монголд хийж болдог юм байна шүү дээ гээд маш их хүн асуудаг байсан. Энэ маань миний ажлын үнэ цэн. Манай хамт олныг урам зоригжуулдаг хүч нь болдог. Тэвшнээсээ дээш 1 метр 50 см өндөр ачсан хоёр портер гялгар уутаар нэг ийм сав бүтдэг.
“ААВЫНХАА ЗОРЬСОН ҮЙЛСИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙГААГААРАА БАХАРХДАГ”
Би 2012 онд спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Аавынхаа ажилд туслаад явдаг байлаа. Ахтайгаа хамт хогийн цэг дээр ч очиж хог авч байлаа. Ингээд аавынхаа ажлыг үргэлжлүүлэхээр 2016 онд хоёр ахтайгаа хамт компаниа үүсгэн байгуулсан. Аавынхаа санасан, яг л ийм юм мөрөөдөж байж дээ гэдгийг одоо боддог.
2014 онд манай аав “Хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, хоёр тэрбум төгрөг олох боломжтой” гэсэн ярилцлага өгсөн байдаг. Одоо манай байгууллагын хананд өлгөөтэй байгаа. Өнөөдрийг харахад, аавынхаа ярьж байсныг хүүхдүүд нь үргэлжлүүлээд гүйцэтгэчихсэн, бүр их амжилттай биш юм аа гэхэд эхний гараагаа сайн эхлүүлчихсэн яваадаа маш их баярладаг. Энэ салбарт хөтөлж оруулж өгсөн аавдаа үргэлж талархаж явдаг.
Хамт ажилладаг, бизнес эрхэлдэг найзуудаасаа урам зориг авдаг. Ганцхан би бизнес эрхлээгүй. Бүгд л адилхан асуудлуудтай байдаг. Асуудлаа зарим нь давчихсан, миний давсныг зарим нь даваагүй байдаг. Больё гэж зөндөө бодсон. Зөндөө уйлдаг байсан. Гэхдээ өөр хаачих юм гэж бодсон. Энэ салбарт, энэ ажилд өчнөөн жилээ зориулчхаад үүнийгээ шийдэхгүй бол би өөрөө хэн ч биш байхгүй юу. Хүн эцсийн зорилгоо харсан л бол дунд нь ямар ч асуудал тулгарсан ч алхаж л байх хэрэгтэй. Урагшилж л байх хэрэгтэй.
“ЭХ ОРОНДОО АЖИЛЛАЖ ҮНЭ ЦЭН БҮТЭЭЕ ГЭЖ ШИЙДСЭН”
Би гадны аль нэг улсад очиж амьдарвал зүгээр л хэн нэгэн байна. Харин улсдаа бол эзэн нь байна. Улсдаа үнэ цэн бүтээгээд, жижигхэн ч гэсэн бизнес эрхлээд явж байгаа нь өөрт минь өег санагддаг. Гадаадад би ажиллахад тэнд миний ах дүү байхгүй. Тэнд миний үнэ цэн байхгүй. Мэдээж, гадаад руу илүү их үнэ цэн хайгаад явж байгаа хүмүүсийг буруутгах аргагүй. Гэхдээ эндээ ажиллавал миний нөлөөлөл илүү байх болов уу гэж боддог. Хүн болгон ингэж бодож, асуудалд тэгж ханддаг болчихвол Монголд хэрэгтэй. Гадаадад очоод амьдрахад тэр нийгэмд нөлөөлж чадахгүй. Зүгээр л тэр газрын соёл, нийгмийн урсгалыг дагаад л амьдарна”.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.