Монгол улсын вакцин үйлдвэрлэлийг 20 жил мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж ирсэн, Монгол улсын гавьяат малын эмч Ц.Өлзийтогтох ингэж ярилаа.
“Монгол улсад хүнсний аюулгүй байдал алдагдчихаад байна. Үүний нэг гол шалтгаан нь мах, сүүний гарал үүсэл. Бас, замбараагүй эм, вакцины хэрэглээ. Би жилийн өмнө ярьж л байсан. 10 жилийн өмнө ч дуугарсан. Хэн ч тоохгүй, мал эмнэлэг гэдэг чухал салбарыг дампууруулж байна. Бид мах сүүндээ хордсоор байна. Эмээлтийн махны асуудал бол зүгээр л нэг ил болсон жижиг хэсэг шүү дээ. Түүнээс их юм цаана нь бий.
Монголд малын эмийг хэн дуртай нь худалдаж авч малдаа тарьдаг нь аюул. Малын эмч нар нь ивомек тариаг малыг таргалуулдаг эм гээд ойлгуулчихсан. Мал тарган байсан үед ч л тарьж байна. Ингэснээр бид эмийн үлдэгдэлтэй мах идэж, хордох шалтгаан болж байна. Хэн дуртайд нь малын эм өгөөд явуулдаг, замбараагүй зардаг асуудлыг яаралтай хориглох ёстой.
Хэзээ, хаанаас ирсэн мах вэ, эм тариа хийсэн үү, үгүй юу гэдэг гарал үүслийг нь шалгах ямар ч боломж Монголд алга. Зүгээр л нэг цаасан дээр “Эрүүл” гэсэн бичиг хийж өгөөд хууран мэхлэлт явуулж байна. Ганцхан жишээ хэлэхэд, захын нэг цайны газар яваад ороход бүгд л “Хонины махтай хуушуур, хонины махтай бууз” гээд л зарж байна. Ямааны махтай гэж сонссон уу, та нар. Сонсоогүй. Тэгэхээр бүх мах нь хониных болчхоор ямааны мах нь хаачсан байж таарах вэ? Ингээд бодохоор гарал үүслийн тал дээр бүх зүйл хууран мэхлэлт явж байна.
Мал эмнэлгийн салбарынхан эмийн, вакцины наймаанд гаршчихсан. Энэ бол цэвэр мөнгө угаалт гэж хэлж болохоор байна. Эрүүл малд яагаад эм, вакцин тариад байгаа юм бэ гэдэгт хариулт өгдөг хүн алга. Хөдөө аж ахуйн яамнаасаа авхуулаад мэргэжлийн бус хүмүүс байгаа учраас л энэ бүх гажуудал байсаар байна. Манай мал эмнэлгийн салбарт нь мөнгө угаалтын жишээнүүд олон байна. Тухайлбал, бруцеллёз өвчний вакцин гэж бий. Үүнийг зөвхөн охин хурга, ишгэнд тарих ёстой. Гэтэл хөнгөлчихсөн эр хурганд вакцин тариад зогсож байна шүү дээ. Энэ бол зүгээр л вакцинаар дамжуулж мөнгө угаах сонирхолтой байгаагийн л илрэл. Аль болох их вакцин, их эмийг оруулж ирж, худалдаалах сонирхолтой, ашиг олох сонирхолтой бүлэглэл байна. Үүний цаанаа нийтээрээ мах,сүүндээ хордож, өвчилж байна” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.