Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран "Хүүхдийн хоол" үндэсний чуулганыг зохион байгууллаа.
Чуулганаар манай улсын сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын сургалтын байгууллагад сурч, хүмүүжиж буй 1.2 сая орчим хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хамгаалах суурь асуудал эрүүл мэнд, хоол хүнсний хангамж, шим тэжээлийн асуудлыг хэлэлцэж буй юм.
Чуулганы үндсэн илтгэлүүдийг салбар хариуцсан сайд нар тавьсан бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Хүүхдийн хоол-Боловсролд”, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун “Хүүхдийн хоол-Хүнсний хангамж”, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд "Хүүхдийн хоол-Эрүүл мэнд" сэдвээр чуулганд оролцогчдод мэдээлэл өгч, хүүхдийн хоолны асуудлаар салбар бүрт анхаарч, хийж хэрэгжүүлж байгаа ажил, цаашид баримтлах бодлогоо танилцуулсан.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд А, Д аминдэм, төмөр, цайр, селен, иод эмгэг зэрэг бичил бодисын дутал дорвитой буурахгүй байна. Нийт хүүхдийн 2.8 хувь нь туранхай, 7.3 хувь өсөлтийн хоцролттой, харин илүүдэл жин ба таргалалтын тархалт 6.7 дахин нэмэгдэж, 28.6 хувьд хүрсэн.
Энэ нь давс, сахар, өөх тосны агууламж ихтэй, шим тэжээл багатай хагас болон бүтэн боловсруулсан хүнсний хүртээмж, хэрэглээтэй шууд холбоотой. Тиймээс Шадар сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2022 оны гуравдугаар сарын 29-ний 28/ А/108/ А/180 дугаар хамтарсан тушаалаар “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих хяналтын журам”-ыг батлан хэрэгжүүлж байна" хэмээлээ.
Мөн хүүхдийн илүүдэл жин, таргалалтаас сэргийлэх, хянахад чиглэсэн тусгайлсан бодлого, хөтөлбөр байхгүй учраас хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих, аминдэм, эрдэс бодисоор бага насны хүүхэд, эмэгтэйчүүдийг хангахад шаардлагатай зардлыг улсын төсөвт жил бүр тусгах, хүнсний хууль эрх зүйн хорооны стандартыг нутагшуулах, илчлэг, транс тос, чихэр, давсны агууламж өндөр хүнс, чихэрлэг ундааны үйлдвэрлэл, худалдааг татварын бодлогоор хязгаарлах, эрүүл мэндэд эрсдэлтэй хүнсний зар сурталчилгааг хориглох, эрүүл, зөв хооллох дадлыг хүн ам, олон нийтэд төлөвшүүлэх болон хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр холбогдох салбарын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай байгааг хэлж байлаа.
Сургууль, цэцэрлэгийн орчинд худалдаалдаг хямд үнэтэй, эрүүл бус хүнснээс хүүхдүүд өдөр бүр авч байна. Судалгаагаар хоёр хүүхдийн нэг нь чихэрлэг ундааг, таван хүүхдийн дөрөв нь чихэрлэг хүнс, зайрмаг, вафли, торт, чихрийг өдөр бүр хэрэглэдэг байна.Бага насны хүүхдийн бичил тэжээлийн дутлыг бууруулах гол арга нь хүүхдийг эхийн сүүгээр хооллох. Гэвч хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь жил ирэх тусам буурч, нялхсын дөнгөж 50 хувь нь эхний зургаа сардаа эхийн сүүгээр дагнан хооллож байна гэсэн судалгаа ч байдаг юм.
Чуулганд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон 21 аймаг, есөн дүүргийн сургууль, цэцэрлэгийн хоол зүйч, хүүхдэд зориулсан хүнс үйлдвэрлэгч зэрэг 1000 гаруй төлөөлөгч оролцож байна.
Эх сурвалж: ЭМЯ