Төрийн банк нь хамтрагч байгууллагуудын хүрээнд гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн бус салбарын компаниуд болон жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын худалдааг амжилттай эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор худалдааны салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлагаас суралцах боломжийг олгож худалдааны эрсдэл, зардлыг бууруулах шийдлүүдийг танилцуулах сургалт, семинарыг зохион байгуулж байна.
Энэ талаар Төрийн банкны хөрөнгө зохицуулалтын газрын захирал Д.Жадамба дараах зүйлийг хэллээ.
“Төрийн банк нь сүүлийн үед олон улсын байгууллагуудтай хамтран эрчимтэй ажиллаж байгаа. Ялангуяа гадаад худалдааг дэмжих, эрчимжүүлэх чиглэлээр Каргилл олон улсын байгууллагаас 25 сая ам доллар буюу 80 орчим тэрбум төгрөгийн эх үсвэрийг татан төвлөрүүлээд байна. Үүнийг бид дотооддоо, гадаад худалдаа эрхлэгч ААН-үүдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээгээр дамжуулан таатай нөхцлөөр зээлдэх санал олгох боломжтой болж байгаа. Гэвч харилцагчдын маань санхүүгийн боловсрол, энэ төрлийн мэдээлэл дутмаг байгаагаас шалтгаалаад өөрт тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээгээ авч чадахгүй байх, өндөр өртөгтэй санхүүжилт татах, цаг хугацааны хувьд хугацаа алдах дутагдалтай тал ажиглагдаж байгаа. Тиймээс бид энэ удаагийн семинарыг зохион байгуулж харилцагчдынхаа боловсролын чадавхийг дээшлүүлэх, гадаад худалдаа эрхлэхэд тулгарч байгаа бэрхшээлүүдийг хэрхэн даван туулах вэ гэдэг дээр салбар салбарын мэргэжилтнүүдээс мэдлэг боловсролыг олж авах арга хэмжээг зохион байгуулж байна” гэлээ.