“Улаанбаатар марафон-2023” зургаадугаар сарын 3-ны өдөр төв талбай дээр зохион байгуулагдах гэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан хамтран зохион байгуулагч болох “HiPAY” компанийн ерөнхий захирал Б.Эрдэнэтэй марафоны бүртгэл болон үйл ажиллагааны талаарх мэдээллийг авлаа.
–Энэ жилийн марафонд оролцох хүсэлтэй иргэд хэрхэн яаж бүртгүүлэх боломжтой байна вэ?
Улаанбаатар марафоны зохион байгуулагчдын зүгээс нийслэлийн зургаан дүүргийн “Нэг цэгийн үйлчилгээ”-нд иргэд өөрийн биеэр очиж бүртгүүлэх боломжтой болж байна. Үүнээс гадна УИД-ийн урд талын талбай, “Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн” болон Сүхбаатарын талбай дээр бүртгэлийн цэгүүд тавдугаар сарын 30-ыг дуустал бүртгэж авна. Тиймээс марафон дөхөж байгаа учир өөрт ойр бүртгэлийн цэгүүд дээрээ очиж бүртгэлээ хийлгэн, энгэрийн тэмдэг бусад зүйлсээ аваасай гэж хүсье.
–Зохион байгуулагчийн хувьд энэ жилийн марафоны онцлогийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
Улаанбаатар марафон найм дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Хамгийн анх зохион байгуулагдсан жил 10 мянган хүн гүйж байсан бол жил бүр оролцогчид нэмэгдсээр өмнө жил гэхэд 27 мянган хүн гүйсэн.
Бид энэ жилийн хувьд 30 мянган хүн гүйх болов уу гэсэн зорилго тавин ажиллаж байна. Тавдугаар сарын 26-ны өдрийн байдлаар 14 мянган хүн бүртгүүлчихсэн байна. Энэ жилийн марафоны онцлог нь өмнө жилүүдэд эрүүл мэндийн гүйлт, хагас болон бүтэн марафон, гэр бүлийн гүйлт гээд дуусчихдаг байсан бол энэ жил илүү өдөрлөг хэлбэрээр зохион байгуулагдана.
Өдөрлөгийн хөтөлбөрөөс танилцуулбал, Энэ жилээс “Дөрөвдүгээр эмнэлэг”, “Гялс төв” зэрэг зургаан эмнэлэгтэй хамтран эрүүл мэндийн зөвлөгөө тусламжийн хэсэг ажиллуулах болно. Мөн анх удаагаа 50 гаруй спорт, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагыг урьж төв талбай дээрээ асар барин өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчлах боломжийг бүрдүүллээ. Тиймээс Улаанбаатар марафонд ирсэн иргэд маань тухайн клубүүдтэй танилцан тэр өдрөө бүртгэл хийлгэвэл 20-40 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой юм. Эдгээр байгууллагуудад хүүхдийн балет, гимнастик болон насанд хүрэгчдийн мото спорт, фитнесийн клубүүд багтаж байгаа юм шүү.
Марафоны өдөр талбай дээр 30 гаруй мянган хүн цуглардаг учраас тав тухтай өдрийг өнгөрүүлэх боломжийг нь хангаж, талбайн урд хэсэгт нийтийн хоолны үйлчилгээ явуулна. Энэ жилийн өөр нэг онцлог нь авто замын тэг цэг дээр “Electro Music Mongolia”-тай хамтран Улаанбаатар марафоны шоуг зохион байгуулахаар ажиллаж байна. Үүгээр зогсохгүй Улаанбаатар марафонд оролцсон иргэд “Улаанбаатар зочид буудал”-н өмнө тухайн өдрийнхөө дурсамжийг хуваалцах шоу хийхээр төлөвлөсөн байна.
–Та марафонд оролцохоор төлөвлөж байгаа хүмүүст хандан үг хэлээч?
Энэ жилийн марафонд Франц, Солонгос зэрэг улсуудаас мэргэжлийн тамирчид ирж оролцох болно. “Улаанбаатар марафон” бол Монгол улсад зохион байгуулагддаг эрүүл мэндийн чиглэлийн хамгийн том үйл ажиллагаа гэж бид харж байна. Тиймээс НЗДТГ, “Биеийн Тамирын Спортын Газар”-ууд хамтран автомашингүй энэ өдрийг хамгийн сайн зохион байгуулалттай байлгахаар хичээн ажиллана. Тиймээс хүн бүр энэхүү өдрийг өөрийн эрүүл мэнд, гэр бүлдээ зориулан нийслэл хотын зам талбайгаараа гадны мэргэжлийн тамирчидтай гүйж, эрүүл мэнд спортын олон байгууллагуудтай танилцан зугаатай өнгөрүүлээрэй.
Марафонд идэвтэй оролцдог иргэн: Би марафонд дөрөв дэх жилдээ оролцох гэж байна. Өмнө жилийн марафоноор гүйх үед гадаа бороотой байсан учраас их сайхан байсан. Өмнө жил 01:11 минут гүйсэн. Энэ удаа амжилтаа ахиулна гэсэн зорилготойгоор 10км-т гүйж байна. Мөн ажлынхаа хамт олон болон найзуудыгаа уриалаад бүгд гүйх гэж байгаадаа их баяртай байгаа. Оролцох гэж байгаа хүмүүст хандаж хэлэхэд зогсохгүйгээр нэг хэмнэлээрээ гүйгээрэй гэж зөвлөмөөр байна.