Холлиудын алдарт найруулагч Мартин Скорсесийг бид Таксины жолооч, Уол Стрийтийн чоно зэрэг олон бүтээлүүдээр нь мэднэ. Өдгөө 80 настай найруулагч шинэ бүтээл болох “Killers of the Flower Moon” киногоо Каннын кино наадмын үеэр танилцууллаа. Түүний киног үзсэн үзэгчид хүндэт найруулагчид зориулж есөн минутын турш тасралтгүй алга ташсаныг хэвлэлүүд онцолж байна.
“Killers of the flower moon” нь 1920-иод оны үед амьдарч байсан Осаж овгийн уугуул иргэдийн эмгэнэлт түүх, тэдний аллагын хэргийг мөрдөж байгаа холбооны мөрдөх товчооны үйл ажиллагааны тухай өгүүлэх аж. Тодруулбал, жүжигчин Лили Гладстоун Осаж овгийн охины дүрд тоглож байгаа ба жүжигчин Леонардо Дикаприогийн бүтээж буй нэгдүгээр дайнаас ирсэн цэргийн дүр түүнд дурлах аж.
Осаж овгийнхны эзэмшил газарт газрын тосны асар их баялаг байгаа нь мэдэгдсэнээс хойш тэдний гэр бүлийг нэг нэгээр нь хүйс тэмтрэх ба киноны үйл явдал цааш өрнөх юм байна.
Тус кинонд Мартин Скорсесийн олон жилийн хамтран зүтгэгч, алдарт жүжигчин Роберт Де Ниро тоглосноос гадна жүжигчин Леонардо Ди Каприо, мөн саяхан кино урлагт эргэн ирж, Оскарын шагнал хүртсэн жүжигчин Брендан Фрэйзар нар дүр бүтээжээ.
Киног үзсэн үзэгчид болон кино шүүмжлэгчид эхний байдлаар “маш өндөр” үнэлгээ өгсөн нь кино сонирхогчдын дунд ихээхэн хүлээлт үүсгээд байна. Энэхүү бүтээл нь 10-р сарын 6-нд албан ёсоор нээлтээ хийх товтой байна.
Эх сурвалж: INDEPENDENT