Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиад манай улсад 2023 оны тавдугаар сарын 22-30-нд болно. Олимпиадыг зохион байгуулагч орон хоёр баг бүрдүүлэн оролцох боломжтой байдаг. Энэ зарчмын дагуу 16 сурагчийн бүрэлдэхүүнтэйгээр хоёр баг олимпиадад эх орноо төлөөлөн оролцох гэж байна.
Сурагчдын 10 нь Улаанбаатар хотын 1, 11, Сант, Орчлон, Шинэ үе, Шинэ Монгол сургуулиудад суралцдаг бол 6 сурагч орон нутгаас шалгарсан юм. Тэд Баян-Өлгий, Дархан-Уул, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудаас ирж оролцоно. Олимпиадад оролцох сурагчдын хамгийн бага нь 2007 онд төрсөн бол хоёр эмэгтэй сурагч багт багтсан. Монголын сурагчдыг МУИС болон Грийн сургуулийн багш нар дасгалжуулж байна.
Азийн 30 гаруй улсын 240 орчим сурагч, 60 гаруй чиглүүлэгч багш энэ удаагийн олимпиадад оролцох юм хэмээн БШУЯ мэдээлэв.